Чөлөөт бөхийн ДАШТ: С.Батцэцэг, Н.Бэхбаяр нарын өрсөлдөгчидтэй танилц

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 19

“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр /2019.09.19/ гарна.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын бөх, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт Мария Кузнецоватай таарсан. Мария анх удаа ДАШТ-д оролцож байгаа. Түүнийг ялахад шилдэг 8-д 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тунисийн  Марва Амритай таарах магадлал өндөр. Энэ хэсэгт 2014 оны дэлхийн аварга, 2019 оны Европын наадмын аварга Украины Юлия Ткач, 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы  Юкако Каваи нар байна.
 

Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан. Ялсан тохиолдолд 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдах шинжтэй.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр тэгшитгэх барилдаанд Мухамад Икромовтой  (Таджикистан) барилдана. Түүнийг ялахад Науругийн Lowe BINGHAM, Узбекистаны Жахонгирмирза Туробов нарын ялсантай барилдаад өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай шилдэг 16-д таарах нь. Энэ хэсэгт дэлхийн аварга Японы Такахаши, Европын аварга армен бөх Арутюнян, Ираны Атри, Украины Яценко нар багтжээ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын якут бөх Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдана. Т.Тулгын хэсэгт Энэтхэгийн Бажранг Пуния, Казахстаны  Даулет Ниязбеков нар байгаа бол нөгөө хэсгийг “Үхлийн хэсэг” гэж нэрлэж болно.

Олимпын аварга Владимир Хинчегашвили, олимпын медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гаджи Алиев (Азербайжан), өнгөрсөн жилийн дэлхийн аварга Токүто Отогүро (Япон), ДАШТ-ий хос мөнгөн медальт ОХУ-ын Гажимурад Рашидов нар нэг хэсэгт барилдана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ҮНЭН(66.181.161.114) 2019 оны 09 сарын 20

БОЛОРТУЯА ШИГ БАРИЛДААРАЙ АМЖИЛТ ХҮСЬЕ. БАТТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧ БААСТАЙГАА ХУТГАЛДЛАА ОДОО НААНАА ҮЛДВЭЛ ТААРНА. СУМЪЯАД ЯМАР Ч БУРУУ БАЙХГҮЙ ЭЭ.

1  |  0
Top