Налайхын замын ажил 10 хувийн хоцрогдолтой байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 08

Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд барилгын ажлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхлүүлж, мөн оны арваннэгдүгээр сард багтаан 4 эгнээ авто замын зорчих хэсгийг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч "Синохайдро Корпорейшн Лимитед" компани Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Дардан говь” ХХК, “Тэгш плант” ХХК, “Гашууны гол” ХХК зэрэг туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд авто замын трассын эхлэлээс 5.3 км-ыг “Дардан говь” ХХК, 4.7 км-ыг  “Тэгш плант” ХХК, 5 км-ыг “Гашууны гол” ХХК, төгсгөл хэсгийн 5.96 км-ыг "Синохайдро Корпорейшн Лимитед" компани тус тус хариуцан ажиллаж байна. Талбай дээр өдөр тутмын барилгын ажилд гүйцэтгэгч компанийн нийт 320 хүн /Хятад ажилчид-64, Монгол ажилчид-256/, нийт 137 ширхэг машин механизм, тоног төхөөрөмж байршин ажиллаж байна.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх нийт 20.9 км авто замын барилгын ажлын хувьд:

Хуучин цементбетон хучилтыг хуулж зөөх ажил 100 хувь,

Ухмал 86.9 хувь,

Далангийн дүүргэлт 68.02 хувь,

38 цэгт баригдах ус зайлуулах хоолойн ажил 96.4 хувь,

Гурван ширхэг нүхэн гарц буюу түннелийн ажил 98 хувь,

Хөлийн голын төмөрбетон гүүрийн ажил 56 хувь,

Суурийн доод үе байгуулах ажил 27.29 хувь,

Цементээр бэхжүүлсэн суурийн ажил 6 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Тус авто замын барилгын ажлын явц 2019 оны есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 44.35 хувьтай байна. Ажлын гүйцэтгэл батлагдсан төлөвлөгөөнөөс 10 хувийн хоцрогдолтой байгаа ба хоцрогдолыг арилгах зорилгоор зам барилгын ажлыг хоёр ээлжээр 24 цагаар зохион байгуулах, мөн тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top