С.Одонтуяа: Хууль зөрчиж томилогдсон хүмүүстэй баг болж ажиллахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт улс төрийн шинжтэй, хууль бус томилгоо хийгдсэн талаар тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2019.07.29/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар дүүргийн Засаг даргатай зөвшилцөх албан тоот ирүүлэлгүйгээр наадмын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-нд Б/34 дугаар тушаал гаргаж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Энэ нь “Эрүүл мэндийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.2-т зааснаар Аймаг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэснийг зөрчсөн хэмээн тэд үзэж байгаа юм.

Үүнээс гадна Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Жаргалыг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэв. 

Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа "Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт хууль бус томилгоонууд ээлж дараалан хийгдэж байгаагийн нэг нь дүүргийн эрүүл мэндийн төвийн даргыг ажлаас нь чөлөөлсөн явдал юм. Хөдөлмөрийн хуулийн 40.5-д ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх тухай заасан. Гэтэл Ө.Батжаргал даргад ажлаас нь чөлөөлөх өдрөө л мэдэгдсэн нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Энэ томилгоо нь мөн хөдөлмөрийн тухай хуулийн бусад таван заалтыг зөрчсөн. Ө.Батжаргал дарга өнгөрсөн таван жилийн хугацаанд өмнө нь аль ч дүүрэгт хийж чадаагүй 14 эмнэлгийг барьж байгуулснаас эхлээд маш их зүйлийг салбартаа хийж гүйцэтгэсэн. Манай дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг өөр гүйцэтгэж чадах туршлагатай хүн байхгүй. Оронд нь даргаар ирсэн хүн нь МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д удаа дараа нэр дэвшээд санал авч чадаагүй, улс төрч хүн байна. Үүнээс харахад улс төрийн зорилгоор томилогдсон гэдэг нь тодорхой.

Үүнээс гадна манай дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг мөн ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томилсон. Төрийн албаны хуульд тус томилгоог сонгон шалгаруулалтаар хийх тухай заасан байдаг. Гэвч оронд нь ирсэн хүн Боловсролын хэлтсийн даргаар ажиллахад шалгуурт огт тэнцэхгүй. Жирийн багш хүн Боловсролын хэлтсийн даргаар ажиллах боломжгүй. Манай дүүрэг боловсролын салбараараа жишиг дүүрэг. Нийслэлийн Аудитын газраас ч манай боловсролын хэлтэс ямар ч зөрчилгүй гэсэн тайлан жил бүр гаргадаг. Үүнээс үзэхэд түүнийг халах ямар нэг үндэслэл байхгүй. Боловсрол болон эрүүл мэнд бол хамгийн чухал салбар юм. Тиймээс эрх мэдэлтнүүд энэ том агуулгыг нь бодож ажиллах ёстой. Тиймээс би Баянгол дүүргийн МАН-ыг энэ улстөржих ажиллагаагаа зогсоохыг хүсэж байна. Бид холбогдох хуулийн заалтын дагуу шүүхэд хандсан. Хууль зөрчиж томилогдсон, дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй хүмүүстэй бид баг болж ажиллахгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top