Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон Онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн “Босоо хөх Монгол” ТББ-тай хамтран өнөөдөр /2019.07.26/ мэдээлэл хийлээ.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Онцгой байдлын газрынхан алба хаагчдынхаа эрх ашгийн төлөө санаа тавиач ээ. Монгол хүний үнэлэмж алга болчихлоо. Төрийн ажил хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон залууд гар сунгаж, сэтгэлээрээ туслахыг нийт монголчууддаа урилж байна. Энэ явдал 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон. Дөрвөн залуу гал унтраахаар явсны нэг нь Э.Үнэнбат байсан. Одоо байгаа байдал нь нүд халтирмаар болсон байна лээ. Ар гэрт нь эмчилгээний мөнгө байхгүй, орон гэр, үр хүүхдээ тэжээж чадахаа байсан. Хоёр гар нь мэдээгүй болсон. Сэтгэлээр маш их унасан байна. Тэр чигтээ үхэхгүй яав даа гэж тэр залуу уйлаад сууж байна. Э.Үнэнбат одоо эмчилгээ хийлгээр хотод ирсэн байгаа юм билээ. Түүний гэр бүл, дөрвөн хүүхдийг нь бодсон ч тэр, албан үүргээ гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл, зүрхийг нь бодсон ч тэр түүнд туслах ёстой" гэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтаахаар үүрэг авсан Онцгой байдлын гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат ажил үүргээ гүйцэтгэж явахдаа түлэгджээ. Түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь их хэмжээгээр түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа талаар эхнэр А.Мөнгөнцэцэг нь ярилаа.
Гал сөнөөгч, аврагч Э.Үнэнбат онцгой байдлын албанд 19 дэх жилдээ ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт харьяалагддаг аж.

Э.Үнэнбатын эхнэр А.Мөнгөнцэцэг “Ганцаараа хаана, яаж хандахаа мэдэхгүй сандарч яваад “Босоо хөх Монгол” ТББ-ынханд хандсан. Тэдний дэмжлэг, сэтгэл санаа дэмжсэн үйлдлийн хүчээр хонгилын үзүүрт гэрэл харагдах шиг болсон. Манай нөхөр Онцгой байдлын албанд 19 ажил ажиллаж байгаа. Бид гэр бүл болоод 17 дахь жилдээ хамт амьдарч байна. Дөрвөн хүүхэдтэй. Онцгой байдлын албаны 5000 алба хаагч, тэдний гэр бүлийн өмнөөс энэ салбарт ажиллаж байгаа, амь амьдралаа зориулж яваа хүмүүстээ төр засаг маань анхаарал хандуулж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. “Босоо хөх Монгол” ТББ-тай хамтарч онцгой салбарт ажилладаг, үргэлж хүнд бэрхшээлийг даван туулж амьдардаг мянга мянган гэр бүлийнхний өмнөөс бид дуу хоолойгоо хүргэж байна. Онцгой байдлын алба хаагчдад даатгал алга. Үргэлж эрсдэл дунд байна. Эрсдлийн даатгал дутагдалтай байна. Хуулиа сайжруулж, тэднийгээ хамгаалах хэрэгтэй байна" гэлээ.
Мөн тэрбээр Онцгой байдлын албан хаагчдад эрүүл мэндийн, амь насны, эрсдэлийн даатгал байдаггүй учраас 2019 оны долоодугаар сарын 1-ний өдөр нөхрийнхөө эмчилгээнд дэмжлэг хүсэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан гэв. Харин захидлын хариу хараахан ирээгүй байгаа аж.
Аврагч Э.Үнэнбат одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэг удаа арьс нөхөх хагалгаанд оржээ. Гэвч хоёр гарын арван хуруу нь ямар ч ажиллагаагүй хэвээр байгаа гэнэ. Түүний эхнэр нөхрөө эмчлүүлэхээр БНСУ-ын олон эмнэлэгт хандсан ба нэг эмнэлгээс "Эмчлэх боломжтой" гэсэн хариу өгчээ. Харин эмчилгээний зардалд 200-250 сая төгрөг шаардлагатай байгаа тул түүний гэр бүл ард түмэнд хандан дөрвөн хүүхдийн аав, аврагч залуугийн амь насыг аврахад туслахыг хүссэн юм.
Хэрэв та энэ гэр бүлд туслахыг хүсвэл Хаан банкны 5094504536 тоот дансанд хандив илгээх боломжтой. Хүлээн авагч нь Энхбатын Үнэнбат.


Сэтгэгдэл ( 1 )
БАДРАЛАА ЧИ УУЖ ИДСЭН МӨНГӨНӨӨСӨӨ ӨГӨӨЧЭЭ. БАДРАЛ САЯ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАХ НЭРЭЭР УРАНЧИМЭГТЭЙ ХАМТ 10 ГАРУЙ ХОНОГ ЗУГААЛЖ ЯВААД ИРСЭНИЙГ ОНЦГОЙГИЙНХОН АМ МЭДЭН ЯРЬЖ БНА. ЗУГААЛЖ ЯВАХААР ЭНЭ АВРАГЧИЙГ ОЧИЖ ЭРГЭЖ ТУСАЛЖ ДЭМЖИХИЙГ ХҮСЬЁ.БАДРАЛ ТЭРГҮҮТЭН АВРАГЧАА БОДДОГГҮЙ ЗАВХӨН ӨӨРСДИЙГӨӨ БӨЦИЙЛДӨГ НӨХДҮҮД.