Монголын залуучуудын холбооны /МЗХ/ гишүүд МЗХ-г шинэчлэх болоод тус байгууллагад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдох асуудлын талаар өнөөдөр /2019.07.04/ мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, МЗХ нь залуучуудын эрх ашиг, сонирхлыг хамгаалах дэмжих, нийт залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилготой байгууллага юм. Гэвч сүүлийн жилүүдэд тус зорилгоосоо хазайн нам, шашны холбоотой үйл ажиллагаа ихээр явуулан дарга тэргүүнүүдийг дураараа солих зэрэг асуудлууд гарч эхэлжээ. Гишүүдийн хэлж буйгаар үүсээд байгаа эдгээр асуудлууд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбаттай шууд холбоотой хэмээн үзэж байна. Учир нь А.Мөнхбат нь аймаг, холбоод, салбар зөвлөлүүдтэй хамтран ажилладаггүй, олон мянган залуучуудын санал хүсэлт, шаардлагыг хүлээн авдаггүй, намжсан, шашинжсан, наймаалсан, үндсэн дүрмээсээ хазайсан олон үйлдлүүд гаргаж байгаа нь өнөөгийн нийгэм дэх олон залуучуудын эрх ашгийг хөсөрдүүлж байна гэж үзэж байгаа юм.
Мөн аймаг холбоодын дарга, гишүүдийг “Алтан үнэний дээд аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг үндэс угсаа, шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгааны ажлуудад ихээр татан оролцуулж, яс омгоо ол, үндэс угсаагаа тодорхойл, энэ сургалтад суухгүй бол та нартай хамтран ажиллах боломжгүй гэх зэргээр шахан шаарддаг гэлээ. Залуучуудын төв байгууллагын байрыг одоогийн байдлаар бөө шашны холбогдолтой зан үйлээр тохижуулж, үйл ажиллагааны чиглэл зарчмуудыг МЗХ-той холбон ажиллуулж байгаа нь ёс зүйгүй үйлдэл хэмээн тэд үзжээ.
Улаанбаатар хот дахь Орхон аймгийн залуучуудын холбооны тэргүүн Г.Батбаатар “Бид эдгээр бүх асуудлуудын талаарх шаардах хуудас болоод албан бичгийг А.Мөнхбат-д явуулсан хэдий ч одоогийн байдлаар ямар ч хариу өгөөгүй байна. Харин МЗХ-ны Хяналтын Хороо биднээс уучлалт гуйсан. Ер нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн аймаг холбоодын дарга нарыг ажлаас нь чөлөөлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймгийн зургаан тэргүүнийг албан хүчээр ажлаас нь чөлөөлсөн. Харин саналаараа ажлаа чөлөөлж өгсөн зургаан тэргүүн байна. Гэхдээ биднийг халсан учир нь өөрсдийнх нь явуулж байгаа шашин шүтлэгтэй холбоотой ажлыг нь дэмжсэнгүй гэж чөлөөлсөн байхгүй юу. Бидний зүгээс шаардаж байгаа зүйл нь үндсэн дүрмийнхээ хүрээнд ,зорилго чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Нам төрийн болоод шашинтай холбоотой эдгээр үйл ажиллагаагаа Монголын залуучуудтай битгий холбооч гэдэгт оршиж байгаа” хэмээн хэллээ.
Мөн тэдний хэлж буйгаар МЗХ-ны тавдугаар их хурлаас өнөөдрийг хүртэлх хугацаан дахь хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа, өмч хөрөнгө болон санхүүгийн тайлан, төсвийн зарцуулалт нь ил тод нээлттэй бус хэмээн тэд үзэж байгаа юм. Тиймээс МЗХ-ны өмч хөрөнгө, олсон орлогыг амин хувийн хэрэгцээнд зарцуулж байгаа зэрэг үйлдлүүдийг нь хуулийн байгууллагад хандан шалгуулж, МЗХ-г шинэчлэх их хурлаа зарлан хариуцлагатайгаар үүрэгт ажлаа чөлөөлж өгөхийг мэдэгдлээ.
Э.Анхзаяа

Сэтгэгдэл ( 0 )