Хүй долоон худагт 2500 гаруй төрийн албан хаагч ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар өнөөдөр /2019.07.04/ мэдээлэл хийлээ.

Наадмын үеэр Хүй долоон худагт 2500 гаруй төрийн албан хаагч ажиллах юм. Цагдаагийн байгууллага уламжлал ёсоор баяр наадмын аюулгүй байдал, иргэдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэнэ. Мөн уралдааны үеэр морь дагадаг машины асуудлыг цэгцлэн зохион байгуулах юм.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх асуудлыг урьдчилан сэргийлэх үүднээс түр хамгаалах явуулын цэг ажиллуулж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвчийг тараахаар болжээ. Тус явуулын цэг дээр Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд ажиллах юм.

Хурдан морины  унаач хүүхдүүдийн эрхийг хуульд заасны дагуу хамгаална. Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг Хүй долоон худагт байршуулахаар болсон байна. Хурдан морьдын аюулгүй байдал болон үүлдэрлэг байдлыг шалгах ажлыг Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Мал Аж Ахуйн бодлогын хэрэгжүүлэлтийг хангах мэргэжилтнүүд хариуцах юм. “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тавдугаар тогтоолоор хурдан морины сэрвээний өндрийг тогтоож өгсөн байдаг. Энэхүү тогтоосон сэрвээний өндрөөс хэтэрсэн морийг уралдуулахгүй. Үүлдэрлэг байдлыг тухайн морины толгой, чих, хүзүү, дэл, шилбийг харж шалгана” гэж Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжүүлэлтийг хангах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдэгдлээ.

Хүй долоон худагт хурдан морины уралдаанаас гадна “Морьтон монголчууд” тоглолт, хос морины уралдаан, шүхрийн буулт гэсэн арга хэмжээ болно.

Н.Халиунаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top