Орон нутгийн замд дугааргүй мотоцикл жолоодож амь насаа алдах тохиолдол ихэсжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

Энэ долоон хоногийн /2019.06.24-27/ өдөр Тээврийн цагдаагийн албанд нийт 1105 дуудлага ирснээс, зам тээврийн ослын шинжтэй 864 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  2, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийслэлд бүртгэгдэж буй зам тээврийн ослын шалтгаант нөхцөлийг хувьд явган зорчигч гарцгүй газраар, зам хөндлөн гарч байгаад автомашинд мөргөгдөх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хажуу хоорондын зай барьдаггүйгээс зам тээврийн осол ихээр гарч байгаа бол орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол жолооч биш, насанд хүрээгүй хүн, улсын дугааргүй мотоциклтой хөдөлгөөнд оролцож амь насаа алдаж байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Увс аймгийн Өлгий сумын 2-р баг “Татвар” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 17км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 37настай, эрэгтэй  Э нас барсан. Дашинчилэн сум 2-р баг “Баян-Улааны Энгэр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 13км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 16настай, эрэгтэй Д нас барсан. ЧД 12 дугаар хороо Дэнжийн 1000-н зам, “Нарантуул-2” автобусны буудлын замд “Hyundai Aerocity маркийн автобусны жолооч Х, явган зорчигч 46настай, эмэгтэй О-г  мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О ГССҮТ-д хүргэгдэж очоод  нас барсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Дашаа” гэх газар асфальтан замд амины Toyota Kluger маркийн автомашин онхолдож, жолооч 47настай, эмэгтэй Э, зорчигч 41настай, эмэгтэй Ц нарын 2 хүн нас барсан. Налайх дүүргийн 6 дугаар хороо “Мэлхий хад” гэх газар асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Б нас барсан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн 40 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт зам тээврийн осолд өртсөн  3 хүүхдийн 1 явган зорчигч,  2 унадаг дугуйтайгаар хөдөлгөөнд оролцож байсан байна.

Амралтын өдрүүдэд иргэд та бүхэн агаар салхинд гарахдаа хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top