Дархан-Уул аймагт байшин шатаж, зургаан хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Дархан-Уул аймагт байшин шатаж, зургаан хүн нас барсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт энэ сарын 18-19-нд шилжих шөнө 02:57 цагт гал гарсан талаарх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч гурван автомашинтай 03:00 цагт очиж, 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг дөрвөн цаг ажиллаж унтраажээ.

Мөн нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, гурван автомашинтайгаар ажилласан байна.  

Гал түймрийн улмаас зургаан хүн амиа алдаж, хоёр хүн түлэгдэн, аймгийн эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр найман хүн нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд эмчлэгдэж буй иргэдийн хувьд 31, 37 настай эмэгтэйчүүд аж. Галд амиа алдсан иргэдийн дөрөв нь 3-6 настай хүүхдүүд байжээ. Мөн 63 настай эрэгтэй Б, эмэгтэй Х нар галд амиа алдсан байна. Галын шалтгааныг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газар ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2025 оны 03 сарын 13

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

1  |  0
Top