"Нэг жилд 4-5 мянган гэр бүл ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛДАГ"

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны төлөөллүүд өнөөдөр /2019.06.19/ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар, олон нийтээр хэлэлцүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Гурван сарын хугацаанд хэрэгжсэн “Хамтдаа хэлэлцье” аяны хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 29 мянга гаруй иргэнээс санал ирсэн бөгөөд тэдгээр нь долоон асуудал дээр төвлөрч байсан талаар холбооныхон тодотгов. 

Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Хүүхдийн тэтгэлэгийн сан” байгуулах, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрээ цуцлах, Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, гэр бүл салалт их байгаад төр онцгой анхаарал хандуулах зэрэг саналуудыг АЭХ-нд ирүүлсэн байна.

Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч С.Одонтуяа “Нэг жилд шүүхээр гэр бүлээ цуцлуулж байгаа гэр бүлийн тоо 4000-5000 орчим байдаг. Мөн шүүхээр шийдүүлж байгаа арван хэрэг тутмын нэг нь гэр бүлийн маргаан байна. Гэр бүл нь нийгмийн үндсэн суурь нэгж учир гэр бүлийн орчинд тулгарч буй суурь шалтгаан болон тулгамдаж буй асуудлыг зохицуулан, хууль тогтоомжийг батлах нь зүйтэй. Тиймээс бид энэ оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “Хамтдаа хэлэлцье” аянг хэрэгжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ард иргэдээрээ хэлэлцүүллээ. Аянаа дуусгаад иргэдээс ирсэн санал, хүсэлтийг нэгтгэн үзэхэд ерөнхий долоон зүйл дээр иргэдийн санаа бодол нийлж байсныг нэгтгэн гаргаад, түүнийг хуулийн төсөлд тусгах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяад хүргүүлээд байна.  Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд түүнээс энэхүү хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулахыг хүссэн” гэж ярилаа.

Үүнээс гадна Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах, иргэдийн гарын үсэгтэй зүйл, заалтуудыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон эмэгтэй гишүүдийн бүлэгт АЭХ-ноос танилцуулжээ. 

А.ЗОЛЗАЯА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top