Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцсон ТАВАН ХҮҮХЭД гэмтжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Энэ долоо хоногт /2019.05.27-31/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1168 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 24 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ.

Мөн хүүхэд өртсөн осол 16 бүртгэгджээ. Үүний ес нь явган зорчигч хэлбэрээр, хоёр нь зорчигч хэлбэрээр, тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн дөрөв нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Иймд эх үрсийн баярын өдөр болох гэж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг уриалж байна.


Тээврийн цагдаагийн албаныхан түүнчлэн гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 160 жолоочийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ. Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад гэмтсэн хүн 20 хувиар өссөн бол нийт дуудлага хоёр хувиар,  зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top