Чойжин ламын сүм музей нь хүүхдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас билгийг дэмжих зорилгоор жил бүрийн "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Бүтээлч хүүхдүүд" өдөрлөгийг 2015 оноос зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд “Бүтээлч хүүхдүүд-2019” өдөрлөгийг “Хүүхэд бүр хөөрхөн” уриатайгаар өнөөдөр /2019.05.31/ Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Гадаад харилцааны яам, Ерөнхий боловсролын сургуультай хамтран зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр хүүхдүүд гар зураг, бүтээл урлах, шилдэг авьяастан шалгаруулах зэрэг олон сонирхолтой уралдаанд оролцохын зэрэгцээ “Хайрцаг дахь музей” боловсролын хөтөлбөртэй танилцаж, ногоон байгууламжид урлагийн тоглолт үзэн нэгэн өдрийг баяр хөөртэйгөөр өнгөрөөх боломжтой юм. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд гарын бэлэг өгөх юм. Өдөрлөгтөө Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй нийт хүүхдүүд, Гадаад харилцааны яамны ажилтнуудын 80 гаруй хүүхэд, Ерөнхий боловсролын сургуулийн 140 гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн ба “Монгол Улсын Консерватори”, “Мy club online community”-ийн сурагч, оюутнууд уран бүтээлийн дээжээсээ өргөх юм.

Сэтгэгдэл ( 0 )