Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын архитектурын сургуульд өнөөдөр /2019.05.30/ барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Европын холбоо, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол улсын барилгын салбарын нөөцийг үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд О.Батмөнх-ийн нэрэмжит барилгын материалын лабораторыг шинэчлэн засварлаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн юм. Энэхүү төсөл нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар Монгол дахь ядуурал, цаг уурын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой аж.

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн профессор, төслийн багийн ахлагч Б.Нарантуяа: “Барилгын хог хаягдал дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэгдэж байгаа барилгын материал болж байна. Бидний хувьд дадлага туршлага муу байгаа ч гэсэн ирээдүйд барилгын хог хаягдалтай нүүр тулгарна. Яагаад гэвэл дахин төлөвлөлт гэдэг бол тэр чигээрээ барилгын хог хаягдал гэсэн үг. Манай судалгааны гол зорилго дэлхийн түвшинд барилгын хог хаягдлыг хэрхэн ашиглаж байна вэ? бид нарт ямар боломж байна вэ? Хэрвээ барилгын хог хаягдал гараад ирвэл бэлтгэлтэй байх үүднээс стандарт журам гарган хог хаягдлуудаас ялангуяа бетонон хог хаягдлыг бутлаад дахин боловсруулан ногоон бетон хийх, байгалийн нөөцийг хадгалах, дэлхийн түвшний судалгаа шинжилгээтэй хөл нийлүүлэн алхах зэрэг маш олон давуу талыг бий болгож байна. Улаанбаатар хотод жилдээ 350-400 мянган тонн хог гардаг. Үүний 12-15 хувь нь буюу 100 мянган тонн нь барилгаас гардаг. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулахад нэн шаардлагатай эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааг хийх нөхцөл сайжирч, улмаар Монгол улс барилгын хог хаягдлаа дахин боловсруулан хэрэглэхэд түлхэц болж байгаа юм” гэв.




Сэтгэгдэл ( 0 )