Улаанбаатар хотын ЗДТГ, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Энэ дагуу нийслэлийн СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин-урлагийн боловсролыг олгох зорилготой дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалт зохион байгуулсан аж. Мөн нийслэлийн 261-р цэцэрлэгийг хог хаягдлыг дахин зөв зохистой ашиглах замаар байгаль орчинд ээлтэй жишиг цэцэрлэг болгохыг зорьж ажиллажээ. Тус цэцэрлэгийн багш ажилтан, эцэг, эхчүүд цаасан шуумалын аргаар гар урлалын бүтээл хийн, бүтээлээ зах зээлд борлуулж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж олгох сургалтад маш идэвхтэй хамрагджээ.
Тийм ч учраас сургалтад хамрагдсан эцэг эх, багш, сурагчдын цаасан шуумал болон дахивар хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээ Хүүхдийн баярын өдөр буюу зургадугаар сарын 1-нд “Миний гэр-Миний хот” хүүхдийн баярын өдөрлөгийн үеэр танилцуулахаар бэлтгээд байна.
“Миний гэр-Миний хот” хүүхдийн баярын өдөрлөг 11.00 цагт эхлэх бөгөөд хүүхдүүдийн гар урлалын бүтээлийг дэлгэн сонирхуулахаас гадна СХД-ийн 7, 8, 9, 10, 28-р хорооны иргэдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг танилцуулах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )