Автомашингүй өдрийн хүлээлт

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

-Улаанбаатарчуудад автомашингүй өдөр яагаад хэрэгцээтэй байна вэ?-

Та өдөрт хэдэн минутыг алхахад зарцуулдаг вэ? Өглөөнөөс орой хүртэл ажлынхаа ширээний ард сууж өнждөг юм биш биз? Хэрэв тийм бол бид энэ амьдралыг хамгийн үнэтэй зүйлээ золиослон байж бүтээдэг биш гэж үү. Эрүүл, аз жаргалтай, амар тайван амьдрахын төлөө ажиллаж байна гэж хүн бүхэн ярьдаг ч бид үнэхээр түүнийхээ төлөө амьдарч чадаж байгаа болов уу?

Бас нэг асуулт байна. Таны бодлоор хотын амьдрал гэж юуг хэлэх вэ. Хотын иргэн ямар байх ёстой вэ. Энэ хотын хөгжлийг бид юугаар тодорхойлох вэ. Тэнгэр баганадсан өндөр барилга, орон орны сүлжээ зоогийн газрууд, уушийн газар, шөнийн цэнгээний газар, өнгө өнгийн хувцас алагласан их дэлгүүрүүд...Энэ бүгдийг та “хот” хэмээн тодорхойлж, өөрийгөө хотын иргэн хэмээн боддог байх. Нэг талаараа зөв л дөө.  Миний хувьд Улаанбаатар хэдийн метрополис хот болсон гэж боддог. Ерөнхий тодорхойлолт нь ч тэр “Нэг саяас дээш хүн амтай хотыг метрополис хэмээн нэрлэнэ” гэж байдаг. Хэзээ ч харанхуй болдоггүй, чимээ шуугиан нь намждаггүй, гүн нойронд автдаггүй жинхэнэ орчин үеийн метрополис хот. Монгол Улсын хүн амын тал хувь нь суурьшин амьдардаг энэ газар нутгийг хүмүүс хот хэмээн нэрийдэж эхэлсэн тэр цагаас эхэлж хот өөрөө өөрийгөө бүтээн, бий болгожээ. Гэхдээ л өнгөн талдаа хот боловч бидэнд агуулгын дутагдал бий. Тун саяханы нэгэн жишээ дурдая л даа.

Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиосныг бүгд санаж байгаа байх. Уламжлал ёсоор “Автомашингүй өдөр” жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт болдог. Тус өдөр зөвхөн автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл явдаггүй хэмээн ойлгож болохгүй. Нийгмээс олон зөв гаргалгаа, иргэдээс амгалан тайван, айх айдасгүй, аюулгүй мэдрэмжийг бүтэн өдрийн турш хотоор хэрэн хэсүүчлэхдээ ханатлаа авдаг шүү дээ. Тиймээс Улаанбаатарчуудад автомашингүй өдөр яагаад хэрэгцээтэй байна вэ? гэдэг асуулт урган гарч ирнэ.

2017 онд Улсын хэмжээнд 115,321 осол гэмтлийн шинэ өвчлөл, 2626 гадны шалтгаант нас баралт бүртгэгдсэнийг өмнөх оны статистик үзүүлэлттэй харьцуулахад өвчлөл 7.2 хувиар, нас баралт 7.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс осол гэмтэл гадны шалтгаанаар гэмтсэн тохиолдлын 79.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. 10 мянган хүн амд ноогдох тохиолдлын түвшинг орон нутгаар тандан судлахад нийслэлд 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаагаас өсвөр насны хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралт 14.6 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэнээр зөвхөн зам тээврийн ослоор л гэхэд 17,601 хүн гэмтэж, 542 хүн нас баржээ. Иймээс нийслэлийн иргэд, тэр дундаа хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчинг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэг, хандлага, дадлыг олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгаа хийх зорилготойгоор 2009 оноос хойш жил бүр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэх болсон.

Тэгвэл энэ өдрийг сард нэг удаа зохион байгуулж яагаад болохгүй гэж. Надтай адил бодсон хүмүүс олон байгаа учраас энэ тухай цахим ертөнцөөр давалгаалж, санал асуулга хүртэл яваад амжив. Хэрвээ сард нэг удаа “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулдаг болчихвол Улаанбаатарын иргэдийн аз жаргалтай өдрийн тоо 11-ээр нэмэгдэх нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top