ЭМЗЭГ СЭДЭВ: Хайрыг, сэтгэлийг хэн ч ҮЛ ОРЛОНО

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 29

Өнөөгийн нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол хүүхдийн хүчирхийлэл. Бага насны хүүхэд багачууд хүчирхийлэлд өртлөө гэх мэдээ мэдээллийн орон зай өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа нь үнэхээр аймшигтай. Монгол Улсын ирээдүйн боловсон хүчин, эх орны ирээдүйг босгох учиртай хүүхэд багачууд маань эрүүл саруул орчинд аз жаргалтай өсөн торниж, ямар ч саадгүй орчинд сурч боловсрох Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй ч энэ эрхээ эдэлж чадахгүй хүүхэд багачууд олон байгааг дуулгаж байгаа нь харамсалтай. Үнэнийг хэлэхэд энэ тал дээр төрөөс томоохон бодлого явуулахгүй бол аль эрт болохоо больсныг бидний явсан газар, уулзсан хүмүүс, үзсэн харсан нөхцөл байдал ямар ч эргэлзээгүй хэлж өгч байлаа.

Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тэднийг нийгэмд хөл алдахгүй түшиж явахад туслах зорилготой олон төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дийлэнх хувь нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан. Хүүхэд багачууд хүчирхийлэлд өртсөн, хамгааллын эрх нь зөрчигдсөн нь ил болж байгаа хэдий ч  далд хэлбэрт байсаар л байгааг бас нуугаагүй. Харамсалтай нь дарамтлуулж, хүчирхийлүүлж өссөн хүүхдүүд том болоод эргээд л хүчирхийлэгч дарамтлагч болж хувирах, мөн эрүүл мэнд сэтгэл санаагаар хохирч хүчирхийлэл дунд өссөн хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй уур уцаартай, болдог бөгөөд нийгэмшиж чаддаггүй аж. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Тэдгээр ажлын нэгээхэн хэсэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хүлээн авч нөхөн сэргээх, сэтгэл засах эмчилгээ хийдэг төвүүдийн үйл ажиллагаатай танилцах байлаа. Энэ нь хүчирхийлүүлсэн хойно эргэж тойроод байгаа хэрэг бус гэдгийг энд онцлох ёстой. Учир нь тэдний бодит байдалтай танилцахаас гадна нийгэмд сэрэмжлүүлэг өгөх, ийм зүйлээс үр хүүхдээ хамгаалаасай, төр засаг энэ тал дээр илүү их анхаараасай гэсэндээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарсан юм.

Өнгөрөгч 2018 онд 285 хүүхэд, 2019 оны эхний байдлаар 38 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Бидний эхний зорьж очсон газар бол Хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхдүүдийг урт хугацаанд байрлуулж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зорилготой “Үжин” төв байв. Энэхүү төв өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр үүд хаалгаа нээж байжээ. Таван өрөө бүхий хувийн орон сууцанд байрладаг тус төв нэг дор 5-8 хүүхэд хүлээж авах бөгөөд жилд 60 хүүхдэд нөхөн сэргээх цогц үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Одоогоор 7-17 насны долоон охинд үйлчилгээ үзүүлж байгаагаас харахад үнэхээр сэтгэл эмтрэм. Тэд төвөөрөө дамжуулан сэтгэл зүйн цогц үйлчилгээ, хууль-эрх зүй, өмгөөллийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Байгуулагдсан цагаасаа хойш 13 хүүхэд хүлээн авсны есөн хүүхдийг нь сэтгэл санааны болон бие махбодын эмчилгээнд бүрэн хамруулж гэр бүлд нь эргүүлэн өгчээ. Өнгөрөгч 2018 онд 285 хүүхэд, 2019 оны эхний гурван сарын байдлаар 38 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт байгаа юм. Энэ бол гуравхан сая хүн амтай манай улсад хэтийдсэн тоо.

Үүний 70 гаруй хувь нь ойр дотны хүний зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг.

Хойд эцэг, ах дүү, тэр бүү хэл төрсөн эцэг, төрсөн ахдаа хүчирхийлүүлсэн хүүхэд ч цөөнгүй байгааг дуулгахад ч бэрх. “Үжин” төвд байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн буюу гэр бүлийн хүрээллээс хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байгаа бөгөөд эдгээр хүүхдүүд анх ирэхдээ маш хүнд байдалтай буюу амиа хорлох оролдлогыг удаа дараа хийдэг байжээ. Харин энэхүү төвд ирснээр архи ууж, тамхи татдаг буруу зуршлаас салж, амиа хорлох оролдлого хийхээ больж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, цаашдын амьдралаа төсөөлж, мөрөөдөж эхэлсэн байна. Энд ээж нь нас барсан, төрсөн аав нь хүчирхийлсэн асран хамгаалах хүнгүй хүүхэд ч бий. Тэд ийм хүүхдүүдээ эмчилгээ, үйлчилгээ үзүүлж хэвийн болсных нь дараа хүүхдийн асрамжийн төвүүдэд хүлээлгэж өгдөг аж. “Үжин” төв хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг 3-12 сарын хугацаатай байрлуулж үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Багадаа хаягдаж ирсэн хүүхдүүд том болоод мөнгөтэй яаж харилцах, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй

Бидний дараагийн очсон газар “Өнөр бүл” төв нь манай улсын хамгийн том асрах хамгаалах байгууллага. Энэхүү төв нь 1974 оноос өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус төвд бүтэн болон хагас өнчин хүүхдүүд сурч, амьдрахын зэрэгцээ сэтгэцийн өвчтэй, хорих ангид хүмүүжиж байгаа болоод хөдөлмөрийн чадвараа 70 хүртэлх хувиар алдсан, хуулиар эрхээ хязгаарлуулсан иргэдийн харж хандах хүнгүй 2-18 насны хүүхдүүд ирдэг аж. Өнөөдрийн байдлаар 189 хүүхэд  сурч, хүмүүжиж байгаа  бөгөөд үүний 30 гаруй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд аж. Тэдний энэ халуун ам бүлийн уур амьсгалыг илүү бодитой болгохын тулд “Өнөр” бүлийнхэн өрөө тасалгааг нь нэг айл шиг засч тохижуулжээ.  Нэг өрөөнд дөрвөн хүүхэд байлаа гэхэд долоон хоногоор хоол хүнсээ аваад багштайгаа хамтраад өөрсдөө хоолоо хийж иддэг болжээ. Ингэснээр хүүхдүүд хүний гар харж хоол нэхэх биш өөрсдөө өлссөн үедээ хоолоо хийгээд идчихэж байгаа учраас цатгалан мэдрэмжтэй болсон гэж нийгмийн ажилтнууд нь ярьж байлаа.

Тус төвд  дөнгөж төрснийхөө дараа ээждээ хаягдан ирсэн хүүхдүүд том болохоороо мөнгөтэй яаж харилцах, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй, тэр ч бүү хэл бэлэн мөнгө гэж байдгийг мэддэггүй гэнэ. Тиймээс тусламжаар ирсэн хүнс, барааг зүгээр нэг өгөхийн оронд тэднийг мөнгөтэй зөв харилцаж сургах, мөнгөн дэвсгэртийг таниулж, худалдаа хийлгэж сурган төв дотроо дэлгүүр ажиллуулдаг байна. Ингэхдээ бодит мөнгөтэй адилхан мөнгө хэвлээд хүүхдүүдээрээ худалдан авалт хийлгүүлдэг гэлээ. Нэг хүүхэд сард 20 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг аж. Багаас нь буруу хэвшилд сургахгүйн тулд бие биедээ мөнгө зээлдүүлэхийг  хориглодог гэж тус төвийн сэтгэлзүйчид хэлж байв. Үүний үр дүнд   хүүхдүүд маань одоо мөнгөний үнэ цэнэ, хэрэглэж байгаа эд зүйлдээ ариг гамч ханддаг болсон гэж багш нар нь ярьж байв.

Асрамжийн газрын багш нар нь хэдийгээр эцэг эхийнх нь үүргийг орлодог ч гэлээ тэдэнд эцэг эхийнх нь хайрыг юу ч үл орлоно. Дулаан өрөөнд, идэх хоол, өмсөх хувцастай, дутах зүйлгүй амьдарч байгаа ч бяцхан  зүрхнүүд  хайр нэхэн цохилж байгаа нь тэдний нүднээс илхэн харагдана. Монгол улс “Гэр бүлийн тухай хууль”-ийг өөрчлөх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг чангатгах, бүр эцэг эх байх эрхийг нь хасах хэмжээнд асуудлыг шийдвэрлэж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байгаагийн том шалтгаан гэж багш нар нь ярьж байв. Эцэст нь хэлэхэд бид хүчирхийлүүлсэн хойно нь сэтгэл санааг  засч, бие махбодийг нь эмчлэх гэж байхаар хүчирхийллээс сэргийлмээр, хамгаалмаар байгааг энэ зуурт бодож явснаа нуух юун. Ингэхийн тулд маш сайн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээс эхлээд нийгмийн чиглэлд олон талт үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч таарна.

Монгол Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг чангатгах, бүр эцэг эх байх эрхийг нь хасах хэмжээнд асуудлыг тавихгүйгээр гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, тэр бүхний золиос хүүхэд байсаар л байх болов уу. Сайн эцэг эх байж л ирээдүйд сайн иргэнийг бид төрүүлэх бус уу. Эцэг эхийн өгч чадаагүй хайрыг нөхөх гэж хичээж яваа "Өнөр бүл" асрамжийн төвөөс энэхүү сурвалжлага маань өндөрлөж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагын судалгаа

Өнөөдрийн энэ мэдээллийн өнгөн дээр хүүхэд багачуудыг хүчирхийлсэн тухай давалгаалж байгаа нь харамсалтай. Гэтэл өөрийгөө бүрэн таньж, төлөвшиж амжаагүй бяцхан хүүхдүүд болон ид сурч мэдэх бага насандаа бие махбод, сэтгэл санаа гэхчлэн төрөл бүрийн хүчирхийлэлд өртдөг талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт, жишээ баримт хангалттай бий. Тэр хэрээрээ алхам тутамд эрх нь зөрчигдөж байдаг. Тэгвэл аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамгийн түрүүнд хэнд хандаж, хаачихыг хүсдэг бол. Энэ талаарх үндэсний хэмжээний судалгааг Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран хийжээ. Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох энэхүү судалгаанд хотын долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх асран хамгаалагчийг хамруулсан байна. Судалгаанд хүүхдийн эрхийг зөрчдөг, хүчирхийлэл үйлддэг гол этгээдээр эцэг эхчүүдийн 42.4 хувь нь өөрсдийгөө, 59.2 хувь нь хойд аав ээжийг нэрлэжээ. Эцэг эхчүүд өөрсдийгөө хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг гэдгээ хүлээн зөвшөөрч, шалтгаанаа тайлбарлажээ. Судалгаанд хамрагдсан хоёр эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь хүүхэд хүмүүжүүлэх арга мэдэхгүй, таван эцэг эх тутмын дөрөв нь хүүхдийн эрхийн талаар ойлголт мэдлэг дутмаг, уур бухимдлаа барьж чадахгүйгээс, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг мэддэггүй. Харин дөрвөн эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь орлогын хүрэлцээгүй байдал, эхнэр нөхөр хоорондын таарамжгүй харилцаанаас, таван эцэг эх, асран хамгаалагч тутмын нэг нь архи уудаг учраас хүүхдийнхээ эрхийг зөрчдөг гэж хариулсан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(172.58.27.20) 2025 оны 03 сарын 13

Ter muu nyalkh amitadiin untaj bgaag... ymar hun gehleeree iim huurhun amitadiig huchirhiilj, haydag bnaa...

1  |  0
Evii dee(202.9.42.43) 2025 оны 03 сарын 13

Sergel uvdchihluu

1  |  0
Top