Орхон аймгийн 12000 гаруй иргэд нэгдэн, “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн” байгуулжээ. Хөдөлгөөний төлөөлөл “Эрдэнэт үйлдвэр”-т шаардах бичиг хүргүүлсэн талаараа өнөөдөр /2019.05.28/ мэдээлэл хийлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ээс гарсан цагаан тоосны нөлөөнд Орхон аймгийн Говил багийн 5000, Баянцагаан буюу вокзал орчмын 1000, Жаргалант сумын 6000 гээд нийт 12,000 орчим хүнийг цагаан тоосны голомтод амьдарч байна гэдгийг судалгаагаар тогтоосон гэдгийг тэд ярив.
Тоосжилтыг дарна, бууруулна гэж үйлдвэр, бизнесийнхэн, улстөрчид олон жил амлалт өгсөн ч иргэдийн дундах амьсгалын замын өвчлөл, астма, бронхит, уушгины шохойжилт, зүрх судасны өвчлөл түгээмэл болж, жил ирэх тусам нэмэгдэж, тэвчиж амьдрах аргагүй болсон тул өнгөрсөн тавдугаар сарын 1-нд дээрх хөдөлгөөнийхөн шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуг зургадугаар сарын 1-нд авах бөгөөд "Эрдэнэт" үйлдвэр хүлээн авахгүй бол хуулийн байгууллагад хандах ажээ.
Шаардлагад,
Цагаан шорооны нөлөө иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөөр байхад 20 жилийн турш ямар нэг арга хэмжээ авахгүй байгааг хөдөлгөөнийхөн буруутгаж байгаа юм.
“Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий хуулийн зөвлөх Ү.Амарбат хэвлэлийн хурлын үеэр “Манай хөдөлгөөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хэн нэгний нэр хүндэд халдах санаагүй. Улс төрийн нам, бүлэгтэй хамтраагүй. Иргэдийн хүсэл шаардлагыг л хүргүүлсэн. Хариу нь зургадугаар сарын 1-нд гарах ёстой. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээг авна. Нэгдүгээрт, цагаан тоосны байгаль орчин, хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй, ямар бүтэцтэй болохыг тогтоолгоно. Энэ чиглэлээр Олон улсын байгаль орчны хэд хэдэн байгууллагад хандсан. Хоёрдугаарт, шүүхэд хандана. Учир нь бид албан шаардлагыг дэмжиж буй 3000 хүний гарын үсэг цуглуулсан. Эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгээ илэрхийлж, 200 хүн өргөдөл бичиж өгсөн. Тиймээс хохирлоо нөхүүлэхийн тулд хуулийн зөвлөгөө авч ажиллана. Нөхөн олговрын мөнгөн дүнг бид зохиогоогүй. “Эрдэнэт үйлдвэр” хортой нөхцөлд ажиллуулж байгаа гэдэг үндэслэлээр ажилчдадаа өдөрт 6300 төгрөгийн тараг, сүү гэх мэт хор тайлах бүтээгдэхүүн өгдөг. Энэ мөнгийг сараар нь тооцсон байгаа” гэв.
“Цагаан тоосны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ий зохицуулагч Д.Баасансүрэн:
-"Би Говил багт 1975 оноос хойш амьдарсан. Бид хөдөлгөөнд нэгдэж буй хүмүүсээс асуулга асуухад 150 хүнээс 147 нь амьсгалын замын өвчлөлтэй, хоолой нь боож, хөндүүрлэдэг, ханиалгадаг, зүрх судасны өвчтэй гэж хариулсан. Амьсгалын замын өвчлөл бүх эрхтэн системд нөлөөлдөг. Улаанбаатар хотод нэг сургуулийн 500 хүүхэд сүрьеэгийн халдвартай гээд бүгд хөдөлж байна. Тэгвэл бүхэл бүтэн 100,000 хүн эрүүл мэндээрээ ийм ноцтой хохирч байхад яагаад ЭМЯ, БОАЖЯ арга хэмжээ авдаггүй юм бэ. Биднийг хоморголон устгах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Говил багт унтаж байгаад нас барах тохиолдол маш түгээмэл болсон. Үүнийг бид цагаан тоосноос үүдэлтэй амьсгалын замын өвчлөлтэй холбоотой гэж хардаж байгаа. Өвчлөл газар авч, үр хүүхдүүдэд нөлөөлж байна. Дөнгөж төрөөд 1-2 сар болсон хүүхэд харшил, бронхиттой гэж оношлогдох болсон. Ийм гамшгийг яагаад зүгээр нэг тоос гэж хүлээж аваад байна вэ? Энэ аюул цаашид хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )
Холдоод нүүхгүй юу та нар. Эрүүл газар хөдөө амьдрахыг чинь хэн хорьсон юм. Хүчээр авчраад суулгачихсан юм шиг дээдэс доодосгүй л улсаа тонож амьдрах санаатай