"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны дүнг танилцуулж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

"Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа"-ны дүнг танилцуулах семинар, хэлэлцүүлэг Дорноговь аймагт болж байна. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Үндэсний статистикийн хороо хамтран 2017-2018 онд жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж судалгааны үр дүнг тархаах ажлыг орон даяар, үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

“Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалын дагуу хийгдсэн юм.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн одоогийн болон өмнөх хамтрагчдын зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн мэдээллийг цуглуулахад голлон анхаарсан ч, хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэл зүйн хүчирхийлэл, хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийлэл түүний дотор 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдлыг судлав. Эдгээр мэдээллийг Монгол Улсад үндэсний болон бүс нутгийн түвшинд хот, хөдөөд насны бүлэг, боловсролын түвшин, нийгэм, эдийн засгийн статусаар ангилан цуглуулжээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын хүн амын сан, ШХА-ийн техник, санхүүгийн дэмжлэгтэй хийгдсэн, “Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааны үр дүнд хүчирхийллийн тухай сэтгэл сэрдхийлгэмээр тоон үзүүлэлт танилцууллаа. Тухайлбал, 15-64 насны гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртөж байсан, үүний нэг хүрэхгүй хувь нь мэдээлэгддэг, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тэн хагас нь үр хөндүүлж байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top