"Цэвэрлэх байгууламжийн лагийг ил задгай хатаахаа болино"

2019 оны 05 сарын 27

Улаанбаатарчуудад жил бүр, урин дулааны улирлаар тулгардаг нэг том “зовлон” нь Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр байсаар ирсэн. Зун цаг ирсэн энэ өдрүүдэд мөнөөх үнэр нийслэлчүүдийг бухимдуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2019.05.27/ Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлэл хийлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, халдваргүйжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу дараах ажлыг хэрэгжүүлж байгаа талаар БХБЯ-ын Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат мэдээлэл өгсөн юм. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа энэ үнэр бол лагийг үнэргүйжүүлэн халдваргүйжүүлэх ажлын явцад гарч байгаа гэдгийг онцоллоо.

Лагийг халдваргүйжүүлэн үнэрийг дарах, бордоо болгох ажлыг Монгол, Японы эрдэмтдийн гаргасан технологийг ашиглан 2018 оны зургадугаар сараас эхлэн гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 183600 мЗ хэмжээтэй түүхий лагийн үнэрийг дарах, цаашид бордоо болгох, хур лагийн 10 га талбайн 241161 мЗ лаг, картын талбайд байгаа 294483 мЗ лагийг тус тус бордоо болгож, карт суллах ажлуудыг хийж байна.

Үүнээс өнгөрсөн онд 161360 м3 лагийг суллан үнэргүйжүүлж, бордоо болгожээ. Мөн өдөр тутам 144000 м3 шингэн лагийг боловсруулан бордоо болгож, нийтдээ 305360 м3 шингэн лагийг бордоо болгосон байна. 2019 онд үлдсэн лагийг бордоо болгохоор төлөвлөжээ.

ҮР ДҮН

Лагийн үнэрийг дарж, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажил 90 хувьтай явж байна.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд ногоон байгууламжийг өргөжүүлэх, арчилж тордох ажилд хар шороон хөрсийг хотын ойр орчмоос ухан хэрэглэж байгаа юм. Үүнээс үүдэн хар шороон хөрс олборлох нөөцгүй болж байгааг судалгааны байгууллагууд анхааруулдаг.

Тэгвэл эл хэрэгцээг лагаас гаргаж авсан бордоо, хар шороон хөрсөөр орлуулан хангах боломжтой болжээ. Одоогийн байдлаар 26000 м3 гаруй хар шороон хөрс, 305360 м3 бордоо бэлэн болсон байна.

ЛАГИЙГ ИЛ ЗАДГАЙ ХАТААХАА БОЛИНО

Дээрх ажлын хүрээнд лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг хэрэгжүүлж байна. Уг байгууламж нь хоногт 100 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай аж. Энэхүү байгууламжийн ажил 80 хувьтай байгаа бөгөөд ашиглалтад орсноор өдөр тутам гардаг түүхий лагийг ил задгай хатаадаг байсныг больж, үнэрийг багасгах юм байна.

ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР ТОВЧ: Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын хөнгөлалтэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барихаар шийдвэрлэсэн. Одоогоор барилга ургсралтын ажлын гэрээ байгуулагдсан байгаа юм. Мөн гэрээнд нэмэлт өөрчлөл орсон байна. Энэ хүрээнд Санхүүжилтын тусгайлсан гэрээ байгуулахаар болж, гэрээн дээр хоёр Улсын засгийн газар ажиллаж байгаа аж. Түүнчлэн ажлын зураг төсөл ирэх зургадаар сарын 15 гэхэд бүрэн дуусах бөгөөд Улсын баяр наадмаас өмнө барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулахаар тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top