НИТХ дахь АН-ын бүлэг өрх бүр таван мод ургуулахыг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 10

НИТХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн сард НИТХ-ын хуралдааны үеэр төлөөлөгчдөд “Туулын бургасыг нөхөн сэргээе” уриатай цэцэг бэлэглэсэн боловч МАН-ын бүлгийн төлөөлөгчид хүлээн аваагүй аж. Тэгвэл НИТХ дахь АН-ын бүлэг Үндэсний мод тарих өдөр тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн 387 мянган өрх тус бүр таван мод тарихыг уриалсан байна.

Уриалгад “Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1.4 сая давсан боловч тэр хэрээр ногоон байгууламж нэмэгдээгүй байна. Бид нийслэл хотдоо нэг сая ч хүрэхгүй модтой байна. Нийслэлийн хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийт модны 70 хувь нь орон сууцны хороололд ургасан байна. Төлөвлөлтгүй барилгажилт нэмэгдэж, ургасан модод нь цөөрсөөр байгаа. Бид дэлхий дээрх хамгийн бохирдолтой хотын иргэд болсон байна. Энэ нөхцөл байдлыг та бид өөрсдөө л өөрчилж чадна. Мод бол их хотын салшгүй хэсэг. Хотын хөрс, ус, агаарын бохирдлыг цэвэршүүлэх хамгийн бодит эх үүсвэр бол мод юм. Нас бие гүйцсэн нэг мод 10 хүний амьсгалах хүчилтөрөгчийг ялгаруулж, усыг тогтоон барьж, хөрс, усны бохирдлыг багасгах орчин бүрдүүлдэг.

Модтой орчинд хүмүүс эерэг хандлагатай, харилцан ойлголцолтой, анхаарал төвлөрөх чадвар сайн, ажлын бүтээмж 23 хувиар нэмэгддэг болох зэрэг олон судалгаа гарчээ. Улаанбаатар хотын өрх бүр тарьсан таван модоо арчлан ургуулвал жилд 1-2 сая модтой болох төдийгүй ирээдүйгээ эерэгээр бүтээх болно.

Иймд Нийслэлчүүд та бүхэндээ, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийг уриалж байна. Өрх гэр бүлээрээ мод тарьж, арчлан, ногоон байгууламжаа өөрсдөө хөгжүүлэхийг уриалж байна.  Мод тарьж ургуулах санаачилга бүрийг АН-ын бүлэг дэмжиж ажиллах болно” гэжээ.

Тэд маргааш /2019.05.10/ Үндэсний мод тарих өдрөөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айлуудын хашаанд таван мод тарих юм байна. Тарьсан модны 70 хувь ургахад 100 хувийн ургалттай гэж үздэг учраас нийслэлийн 387 мянган өрх тав таван мод тарьвал жилдээ 1-2 сая мод ургах боломжтой гэж үзэж буй ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top