Дөрвөд далай хан аймгийн баруун гарын Бишрэлт гүнгийн хошуунд 23,000 толгой малтай Дүүдээ баян гэж байжээ. Тэрээр өөрийн хоёр хүү болох Мягмар, Баян-Очир нарт малаа түм түмээр нь хувааж өгчээ. Мягмарын эхнэр Бадам бол бидний сайн мэдэх “Фронт Бадам” юм. Энэ удмынхны олон сайхан дурсамж бий.
1941 оны зун цаг. Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадам ойртож байсан vед Увс аймгийн Өмнөговь сумын наймдугаар багийнхан Намирын голын эхэнд багийнхаа даргын гэрт цугларцгаав.
Бага үд болоогүй байтал багийн хурал эхлэхэд сумын төлөөлөгч, фронтод бэлэг хуримтлуулах комиссын дарга Булдагачай босч “Өнгөрсөн сарын 22-нд Гитлерийн Германы фашистууд манай өмөг түшиг ЗХУ-д халдан довтоллоо… Харгис дайсныг ялах ялалтыг түргэтгэхийн тулд бид Улаан арми, фронтод, Зөвлөлтийн ард тvмэнд бэлэг тусламж үзүүлэх, илгээх хэрэгтэй байна” гээд МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлөөс ард түмэндээ хандаж гаргасан уриалгыг уншсан байна.
Хэсэг хугацааны дараа хамгийн урд эгнээнд мөнгөн тохигныхоо (зүүлт) олон салаа мяндсан цацгаар оролдож суусан гоолиг нуруутай 30 эргэм насны бүсгүй босч “Би энэ удаа эрх зээрдийнхээ хамт түүний ижил сүрэг шилдэг агтнууд, 10 мянган янчаан бэлэглэе. Эрх зээрд минь ямар ч үед унасан эзнээ орхиж явдаггүй хүлэг байгаа юм. Бодвол ийм л хүлэг дайн тулааны газар хамгийн шилдэг найдвартай унаа болж таарна. Арван мянган сүргийнхээ дээж болгон барьж байгаа 10 мянган янчаан минь 10 мянган сум болж фашистуудын ичээний мухарт тэсрэг” гэж хэлчихээд суужээ.
Дайны хоёр дахь жилд нөхөр Мягмар нь нас барж Бадам дөрвөн өнчин хүүхдийн хамт үлджээ. Нөхөр нь бие барахын өмнө фронтод байнга туслаж байхыг эхнэртээ захисан гэдэг. Тиймээс Бадам Улаан армид туслах ажилд алгасалгүй оролцон, хэрэв мал төллөх эсвэл нүүдэл аян хийх аваас баг, сумынхаа захиргаанд болон бэлгийн комисст захидал илгээдэг байсан гэдэг.
Удаа дараа ийм өглөг, сэтгэл гаргасных нь төлөө олон түмнээс “Фронт Бадам” нэр хайрласан түүхтэй. Дайны дараа Маршал Хорлоогийн Чойбалсан тусгайлан баяр хүргэсэн тухай сайхан дурсамж байдаг.
Хишигтийн Дүүдээ 2 хүүтэй. Бага хүү Мягмарын эхнэр Фронт Бадам бөгөөд Дүүдээ том хүү Баян-Очирынхоо хамт амьдарч байгаад 1937 онд “Нударган баян” хэмээгдэн баривчилагдаж, бүх хөрөнгөө хураалгасан гэдэг. Дүүдээ 23,000 мал тоолуулж байсан баримт түүхийн шаралсан хуудаснаа үлджээ.
Баян-Очирын хүү Норов Өмнөговь сумын “Цог” нэгдэлд насааараа жолооч хийсэн сайхан буурал байлаа. Норовын хүү нь одоогийн Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр юм.

Сэтгэгдэл ( 3 )
.
Тэртэй тэргүй хураагдах байсан хөрөнгийг нэртэйхэн зүйл дуусгаж. Алсыг хардаг холч хараатай хүмүүс байжээ. За тэгээд бас улааны төлөөлөгчид ил далд ятгаж бараг тулгаж байгаад авсан биз дээ. Энэ хурал бол яахав найруулж тавьсан жүжиг гэсэн үг. Тэр байтугай улаантнууд манай түүхийг шал өөрөөр найруулж бичиж өгсөн юм чинь. Бид тэр түүхийг нь одоо болтол улиглан цээжиндээ хадаж явдаг. Хувь тавьлаан гэж.
Сайн хүүний нэр түүхэнд мөнхрэх юм