Бага орлоготой улс орнуудад тав хүртэлх насны хүүхдүүдэд цусны хэрэгцээ их байдаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Үндэсний статистикийн хороо, БСШУСЯ-ны албан хаагчид Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй Донорын өдөрлөгт нэгдэж цусаа өглөө. Манай улсын нийт хүн амын 38 хувь нь I, 22 хувь нь II, 32 хувь нь III, 8 хувь нь IV бүлгийн цустай аж. Нэг хүний өгсөн цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цус өгөлтийн тоо 2014 онд 18875 байсан бол 2018 онд 26053 болж 27.5 хувиар өсжээ. Мөн байнгын донорын эзлэх хувь 2014 онд 47 хувь байсан бол 2018 онд 61.8 хувь болж 14.8 хувиар өссөн байна.

Сонирхуулахад, 2018 оны байдлаар дэлхий даяар нийтдээ 112.5 сая цусны донорууд байна. Тэдний бараг тал хувь нь өндөр орлоготой улс орнуудын иргэд байдаг аж. Нийт цус сэлбэлтийн 65 хувь нь хүүхдүүдэд зориулсан эмчилгээнд зарцуулагддаг. Бага орлоготой улс орнуудад тав хүртэлх насны хүүхдүүдэд цус ихээр хэрэг болдог. Харин өндөр орлоготой улс орнуудын хувьд 65-аас дээш насныхан илүүтэйгээр цус сэлбэх эмчилгээнд хамрагддаг аж.

Цусны хангамжийн 90 гаруй хувийг дэлхийн 74 орноос сайн дурын үндсэн дээр цусаа хандивласан доноруудаас авдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu