“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03/ Төрийн ордонд боллоо.
Засгийн газраас боловсруулж байгаа урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг цаашид хэрхэн уялдуулах талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм.
Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав таван жилээр төлөвлөхөөр Засгийн газраас хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулахаар болсон. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар, холбогдох яамд, эрдэмтэн, судлаачид, ЗГХЭГ-ын даргын орон тооны бус зөвлөхүүдээс бүрдсэн томоохон ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.
Засгийн газрын ажил яам, агентлаг, аймаг, нийслэл гээд бүх түвшиндээ нэг бодлогоор, нэг удирдлагаар, нэгдмэл ажиллагаатай, урт богино хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөлттэй байх шаардлагатай байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд онцолсон.
Энэ талаар “Улсын хэмжээнд сүүлийн 25 жилд нийт 517, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг нэртэй, маш их цаасыг Засгийн газар, яам, агентлагийн түвшинд гаргасан байдаг. Гэхдээ эдгээрээс ердөө 132 нь л хэрэгжсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Гол нь эдгээр баримт бичгүүд нь хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаагүй, хөрөнгө санхүү нь тодорхойгүй, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой.
Үүнийг Засгийн газар яаралтай засах ёстой гэж үзсэн. Аливаа улс төлөвлөлт, тодорхой бодлоготой байж хөгждөг. Цаашдаа Монгол улсын хөгжлийн бодлогыг 4 хөн жилээр улс төржиж өөрчилдөг биш, дэлхийтэй өрсөлдөх алсыг харсан, цоо шинэ 25 жилийн хөгжлийн суурийг тавьсан, нэгдсэн хөтөлбөрийг боловруулахаар ажиллаж байна. 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү томоохон хөтөлбөрт одоо салбар бүрт замбараагүй байгаа олон төсөл, баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж нэгтгэнэ. Цаасан дээр үлддэг босоо загвараар биш хэвтээ байдлаар хөгжлөө төлөвлөнө. Хэвтээ загвараар төлөвлөнө гэдэг бол хэн, хаана, хэзээ, аль салбарт ямар хөрөнгөөр юу хийх нь маш тодорхой тусгагдана гэсэн үг” гэлээ.
Хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан байна. 2010-2016 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн удаа өөрчилсөн нь дүгнэлт хийхэд хүндрэл үүсгэсэн, хэрэгжилт нь ямар байсан талаар ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ЭХЯ, УУХҮЯ, НЗДТГ, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хэлэлцүүлгийн үеэр тайлангаа хэлэлцүүлж, иргэд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцсон юм.
Иргэдийг бухимдуулж байгаа замын түгжрэл, агаарын бохирдол, 21 аймаг, боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэхээр уг хөтөлбөрт тусгасан ч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг цаашид анхаарах ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид хөндсөн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Маш зев дее. 5 таван жил 25 жилээр телевлеж ажиллах нь терийн суурь бодлого болж явах хэрэгтэй. Соц нийгмийн уед Бид энэ мэтээр телевлесен ее биелуулж хийгээд аз жаргалтай амьдарч чадаж байсандаа. Залуу ч байж мерееделтэй ч байждээ.
Ингэсэн улсууд хөгжчихөөд байна. Компани ч гэсэн 5 жилийн төлөвлөгөө гарган ажиллаж хөгждөг шүү дээ
Монгол улсын цаашдын хөгжлийн бодлогыг урт хугацаанд буюу 2045 он хүртэл 25 жилээр, богино хугацаанд буюу тав таван жилээр төлөвлөхөөр Засгийн газраас хөгжлийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулахаар болсон. ЭНЭ МАШ ЗӨВ ,,,ЗАРИМ НЭГ ХҮН ”ОДОО НӨГӨӨ КОМУНИЗМ РУУ ” ОРЛОО гэх байхдаа