Майкл Вайсс: Монголын шигшээ баг тун удахгүй гэнэтийн бэлэг барих болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ оны тав дахь олон улсын тоглолтоо маргааш /2018.10.12/ Сингапурын шигшээ багийн эсрэг хийнэ. Өнөөдөр тус тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хурлын үеэр Сингапурын сэтгүүлчид Герман мэргэжилтэн Майкл Вайссаас Монголын шигшээ баг болон дотоодын лиг, түүний зохион байгуулалтын талаар илүүтэй сонирхон асуужээ.

МАЙКЛ ВАЙСС:

-Монголын шигшээ баг өдрөөс өдөрт хурдацтай сайжирч байгаа. Өмнө нь энэ шигшээ багт нэг жилд 6-7 олон улсын тоглолт хийх боломж гардаггүй байлаа. Та бүхний мэдэж байгаагаар Сингапурын шигшээ багийн туршлагатай тоглогч нар л гэхэд шигшээ багтаа 50-60 тоглолтыг хийсэн байдаг. Харин манай залуусын хувьд тийм биш. Тэдний хувьд энэ бол эхлэл. Бид Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг амжилттай давсан. Сингапурын шигшээ багийн эсрэг хийх энэ тоглолт тус тэмцээний хоёр дахь шатны бэлтгэл болох чухал тоглолт. Эцэст нь хэлэхэд Монголын шигшээ маш хурдан сайжирч байгааг дуулгахад таатай байна. Хэрвээ энэ хэвээр явж чадвал тэд тун удахгүй Ази тивд гэнэтийн бэлэг барих болно. Талбайн эзэн Сингапурын шигшээ багийн хувьд гол анхаарлаа Сукуки цомын тэмцээнд хандуулж байгаа бөгөөд Монголын эсрэг хийх тоглолт мөн л тус өрсөлдөөнд бэлдэх том боломж гэдгийг хэлж байсан юм.

ФАНДИ АХМАД

-Монголын шигшээ багийн талаар бид нэг их зүйлийг мэдэхгүй. Хэд хэдэн бичлэгийг маш нухацтай үзсэн. Ялангуяа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Гуамын шигшээ багтай тэнцсэн тоглолтод түлхүү анхаарч ажилласан. Миний бодлоор энэ шигшээ баг маш хурдтай, гоёмсог хөлбөмбөгийг үзүүлдэг юм шиг санагдсан. Залуус маань чухал тэмцээний өмнө хариуцлагатай тоглолтод орох гэж байна. Тиймээс бид өөрсдийгөө 100 хувь дайчлах хэрэгтэй.

СИНГАПУР болон МОНГОЛын шигшээ багуудын тоглолт аравдугаар сарын 12-ны өдрийн 19:30 минутаас эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жагаа(202.55.191.194) 2018 оны 10 сарын 12

амжилт хүсье үнэхээр сайжирсан байна лээ

0  |  0
Top