Жанжин Д.Сүхбаатарны мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Хиагт хотод Ардын журамт цэргийг удирдан гамингуудаас чөлөөлж, улмаар улаан цэргүүдийн хамт нийслэл хүрээнд ирж байсан юм. Д.Сүхбаатар 1893 онд Маймаа хотод харц ард Дамдин, Ханд нарын хүүн болж төрсөн. Багаасаа зах дээр мах зөөж, өртөөний улаач хийх зэргээр хар бор ажил хийсээр 19 настайдаа цэрэгт татагдсан. Цэргээс халагдсаныг дараа 1920 оны 11 дүгээр сард “Үнэн” сонинг санаачлан байгуулсан. 1921 оноос Ерөнхийлөгч захирагч жанжнаар нэрлэгдсэн олон удаагийн тулаанд орсон учраас Зоригт баатар цолоор шагнагдаж байжээ. Д.Сүхбаатар, 1923 онд 30 насандаа нас барсан юм. Д.Сүхбаатар хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.
Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгссөний учир мөн оныхоо 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ.
Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд Монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.
Д.Сүхбаатар 1920 онд Зөвлөлт Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны 2 дугаар сараас Ардын журамт цэрэгт элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд Ардын журамт цэргийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ.
Тэрээр 1921 оны 3 дугаар сарын 24-1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг хашиж байв.
Д.Сүхбаатар нь 1921 онд Зөвлөлт Орос улстай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны Зоригт баатар цолоор шагнажээ. 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа насан эцэслэсэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Жанжиныхаа дурсгалыг жил бүр хүндэтгэж намтарыг нийтлэж байх нь зөв. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй болу байгаа биз.