Генерал саяыг хулгайлбал шагнуулна, цэрэг нэгийг хулгайлбал шийтгүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

 Улсын хөрөнгөнөөс 15 тэрбумыг “бусадтай хувааж” завшсан генералыг Монгол Улсын шүүх өршөөсөн түүх бий. Төрөөс хараат бусаар оршдог гэж итгэхийг хүсдэг Шүүхийн нэр хүндийг хүртэл энэ нөхөр Онцгой байдлынхны өмсдөг нормын хятад хар гутлаараа гишгээд хаячихсан удаатай.

Төрийн мөнгийг хэрхэн хулгай хийж, яаж үрэх, эцэст нь “Уснаас хуурай гарах” вэ гэсэн шинэ арга замыг нээн, хойшдоо төсвөөс хулгай хийх хойчийн залгамжлагчиддаа том тус хүргэж байх шиг байна. Үүнийг сийрүүлбэл “Саяар нь биш, бүр тэрбум, тэрбумаар нь хулгай хийх хэрэгтэй. Ганцаараа идэж болохгүй, аль болох олон хүнд, гэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудад тарааж өгөх хэрэгтэй” гэх мэт мөрүүд бууна. Биелүүлж чадах юм бол баяжина. Гоё үлгэр байгаа биз. Ингэж баяжсан улсууд гудамжаар зөндөө л алхаж байна. Алхах ч биш юм аа. Тэд чинь том том жийп, Lexus 570 хөлөглөн дүүлж явна. Иргэдийн мөнгийг халааснаас нь ухаад авчихаагүй, “Их сав”-нд орсон хойно нь авсан болохоор ингэж маадгар алхдаг биз. Тэрнээс биш, хүний халаас руу гараа хийх юм бол дор нь зодоод алчихаа ард түмэн мэдэх байлгүй.

15 тэрбум төгрөг гэдэг бол үнэхээр тоглоомгүй, маш их мөнгө. Бидний баян тарган гэж боддог Америкт ч ийм мөнгөтэй хүн дээдсийн амьдралаар амьдарч чадна. Гэтэл ийм их мөнгөө хулгайд алдчихаад толгойг нь илээд явуулчихдаг явдал энэ төрийн нүүрэн дээр хэд, хэд гарлаа. Иргэний шүүх гэдэг ойлголтын талаар ч нухацтай ярих цаг болсныг энэ явдал харууллаа. Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг ч хүчингүй болгож чадахуйц эрх мэдэлтэй, хүчирхэг Иргэдийн төлөөлөгчдийн шүүх бидний үлгэр жишээ болгох дуртай АНУ-д байдгийг бид “Эрин Брокович” киноноос үзсэн билээ. Энэ тогтолцоог Монголд нэн даруй бүрдүүлэх цаг болсон гэдгийг Шүүхээс гарсан удаа дараагийн шийдвэр харуулж байна. Тэгэхгүй бол ард түмэн сэтгэл дундуур үлдсээр эцэстээ хулгайлуулсан хөрөнгөө эргүүлж авах тэмцэлд шуударч магадгүй юм шүү.

Иргэдийн төлөөлөгчдийн хүчирхэг шүүх тогтолцоо бүрдээгүй цагт зөвхөн төрөөс ч биш, хувийн байгууллагыг залилсан ч болно гэж тэд бодож байгаа. Гэхдээ гол нь их мөнгө байх хэрэгтэй гэдгийг ч тэд мэднэ. Дээр дурдагдсан шиг мөрдэстэй, “гонжоом”-той хулгайчууд Шүүх засаглалын талаар гэсэн “10000 төгрөг хулгайлбал зургаан жилийн ял авна. Зургаан тэрбум төгрөг хулгайлбал зургаан сар хоригдоод гарна” гэсэн шинэ хэлц үг гаргаж байна. Гэхдээ “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж нэг сайхан үг бий. “Хэрэг хуучирдаггүй” ч гэж үг байдаг. Иргэний, шударга шүүх засаглал бүрдсэний дараа та нарыг даа, болгож өгнө дөө.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.180) 2025 оны 03 сарын 13

ийм Улс чинь Хөгжилгүй ч яах вэ дээ,

1  |  0
Irgen(66.181.189.95) 2025 оны 03 сарын 13

Ter caixsn tsagiig yzej chadax bolob uu.

1  |  0
Top