Налайхаа яах вэ ???

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 29

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нэг том асуудал байгаа нь түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглох тухай шийдвэр. Энгийн ойлголтоор бол Улаанбаатар хотын гэр хороолол тэр чигтээ орон сууцанд орох, эсвэл халаалтын өөр горимд шилжих хоёрхон зам бий. Тэгэхээр Засгийн газраас өгч буй чиглэлээс харвал ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатарт нүүрс нэвтрүүлэхийг хориглоно гэсэн чиглэлээр ажиллаж байна. Энэ бол зоримог алхам мөн үү гэвэл мөн. Гэвч үүнд бэрхшээл саад тулгарах учраас Засгийн газрын тэргүүн “иргэд олон нийт өнөөдрөөс эхлээд бэлтгэлтэй байх”-ыг сануулсан нь зүгээр ч нэг хэрэг биш.

Энэ нь осгоход бэлд гэсэн үг биш. Сэтгэл зүйн болон бусад бэлтгэлээ базаахыг л хэлж буй хэрэг. Ерөөсөө нийгэм даяараа сэтгэлзүйн бэлтгэлтэй байхгүй бол бид өчүүхэн төдий өөрчлөлтөд улстөрийн шалтгаантай шалтгаангүй цочирдон гүйдэг ард түмэн. Тодотговол, нүүрснээс бус сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрээс авах халаалтад дасан зохицох бэлтгэлээ эртнээс хий л гэсэн үг. Үүнээс гадна 2018 онд 10 мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Тэгэхээр үүнд хамрагдах хүсэлтэй иргэдэд бичиг баримт, урьдчилгаа төлбөрөөс эхлээд эрх зүйн орчинд бүрдүүлэх олон материал байдаг учраас бэлтгэлтэй бай гэсэн болов уу. Юутай ч энэ мэт зоригтой алхам хийж агаарын бохирдлоос салах цаг нь нэгэнт болсон.

Мэдээжийн хэрэг нийслэлийн гэр хорооллыг тэр чигт нь ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс наана оронсууцжуулах ямар ч боломжгүй учраас олон талын эх үүсвэрээс халаалтын системийг бий болгож таарна.

Төлөвлөгөө ёсоор ажил урагшаа явахад Засгийн газрыг нэг асуудал зүй ёсоор тосч уулзана. Бултах булзах газаргүй зүйл. Тэр бол нүүрс олборлогч, жижиглэнгээр худалдаалагчдын асуудал. Налайх, Багануур, Алагтолгой гээд гурван зонхилох газраас нүүрс тээвэрлэж, жижиглэнгийн худалдаачид цааш борлуулдаг жишиг маш удаан хугацаанд оршиж буй. Тэр тусмаа Налайхын уурхай. Үүний хүчинд нийслэлчүүд осгочихолгүй өвлийг давж хавартай золгосон олон жилийн түүхийг ч арчих аргагүй. Түүнчлэн эндээс амьдралаа залгуулдаг олон хүн бий. Нийслэлээс алслагдмал Налайх дүүргийн иргэдийн амьжиргааны гол цөм бол нүүрсний уурхай. Тус дүүрэгт 9000 орчим өрхийн 32 мянган хүн амьдардаг гэсэн тоо бий. Үүнээс чамгүй хэсэг нь нүүрснээс амьдралаа залгуулдаг. Налайхын уурхайд нийтдээ 320 аманд 2000 орчим хүн ажиллаж байгаа гэх 2017 оны албан бус мэдээлэл байдаг. Харин өнгөрөгч 2017 оны сүүлээр амуудыг хааж энэ тоог хэд дахин цөөлсөн аж. Энэ нь цөөн тооны эрх мэдэлтэй бизнесмэнүүдийн хийсэн ажиллагаа болохоос биш албан ёсоор хаасан зүйл биш гэдгийг гар аргаар нүүрс олборлогчид хэлж байсан.

Гол асуудал бол Налайхын бичил уурхай эрхлэгчид, үүнийг дагаж амьдралаа залгуулдаг олон тооны хүмүүс бий. Бичил уурхай эрхэлдэг 2000-аад хүн бий гэж тооцоход эд нарт зориулсан бичил бизнес эрхлэгчид байдаг. Хоол, унднаас эхлээд тамхи тариа дөхүүлэн амьжиргаагаа залгуулдаг хүмүүс, мах сүү цагаан идээгээ энэ зах зээл түшиглэн борлуулдаг цөөн ч гэсэн малчид бий гэхээр Налайхын уурхайн ар талд олон мянган хүний амьдрал байгааг бодолцох нь гарцаагүй. Ерөөсөө Налайхын иргэдийн амьдрал шууд бус утгаараа энэ уурхайтай салшгүй холбоотой гэдгийг хаа хаанаа ярих цаг нь болсон.

Социализмын үед 5000 ажлын байртай, уул уурхай дагасан Налайх дүүрэг бараг л бие даасан хот шахуу байсныг өдгөө оршин суугчид дурсах нь бий. Нийгэм задрахад энэ байдал үгүй болж, гар аргаар нүүрс олборлогчдын амь дүйсэн ажиллагаа сүүлийн 30 шахам жил үргэлжилж байгаа нь энэ. Нэг жилд л олон тооны хүний амь насыг авч оддог энэ уурхайд гар аргаар нүүрс олборлох бараг шаардлагагүй болж байгаа нь сайшаалтай ч үүнийг дагасан амьдрал хэтдээ яах вэ гэдгийг давхар бодолцох, төлөвлөж хөдлөх нь зүй ёсны асуудал.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал(124.158.109.140) 2025 оны 03 сарын 13

ярих амархан шүү, 1,5 сая хүний төлөө гуай, өлсөж үзээгүй хүн шиг байна. өлсөхийн эрхэнд хүн юуч хийнэ шүү, аоь болох хулгай хийхгүй худал ярихгүй гээд яваа хүмүүсийг яа гэх гээд байна. гаргасан нүүрсээр нь түлш хйиж болно.

1  |  0
санал(124.158.109.140) 2025 оны 03 сарын 13

ярих амархан шүү, 1,5 сая хүний төлөө гуай, өлсөж үзээгүй хүн шиг байна. өлсөхийн эрхэнд хүн юуч хийнэ шүү, аоь болох хулгай хийхгүй худал ярихгүй гээд яваа хүмүүсийг яа гэх гээд байна. гаргасан нүүрсээр нь түлш хйиж болно.

1  |  0
shiid(139.5.217.27) 2025 оны 03 сарын 13

hotoo nuulgeed uurhaigaa orgojuul

1  |  0
зочин(202.9.43.204) 2025 оны 03 сарын 13

Ажил хэрэг болгоход маш хүнд ч нийтийн эрх ашгийн төлөө боловсруулаагүй нүүрс түлхийг хориглох нь зөв.Налайхын хувьд уурхайн гар ажиллагаатай нүхнүүдийг бүгдийг булж тэгшлэх хэрэгтэй. Амьдрах аргаа лоцгоож болох учиртай. Хамгийн гол нь эрүүл саруул амьд явахад ажилч олдоно. Амьдрах л болно. Тун болохгүй бол мал малла. ногоо тарь. гар толгойгоо ажилуул. Амьдрахад бэлэн юм бүү хар. өөрөө өөрийгөө дайчил.

1  |  0
газар нутаг(59.153.112.26) 2025 оны 03 сарын 13

хатуу чанга төрийн бодлогоор сүйрэх шахсан газар нутаг уул ус, ухаж төнхсөн нутгийг амраагаачээ.

1  |  0
Гал(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

ХЭДХЭН МЯНГАН ХҮНИЙ АМЖИРГААНЫ ТӨЛӨӨ 1.5 САЯ ХҮН БАЙНГА ХОРДОЖ БАЙХ УУ? АМЬД ХҮН АРГАТАЙ ӨӨР АЖИЛ ОЛЖ ХИЙНЭ БИЗ. АНГЛИД БААХАН УУРХАЙ ХААГДАХАД ОЛОН ХҮН ДАССАН СУРСАН ЗҮЙЛЭЭСЭЭ ХАГАЦАХГҮЙ ГЭЖ ИХ ТЭМЦСЭН ДААНЧ ЯАЖ Ч ЧАДААГҮЙ. УЛСЫН ЗҮГЭЭС ДАХИН МЭРГЭЖИЛ ОЛГОХ ЗЭРЭГ ДЭМЖЭЭД ӨГДӨГ ЮМ БИЛЭЭ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Ч ЮМ УУ ЧАДАХ ЧАДАХААРАА ӨӨР САЛБАР ЛУУ ХӨРВӨӨД Л ЯВНА.

1  |  0
Top