Анхан шатны шүүх 2017 онд нийт 55980 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэснээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал, залилах, хүнийг алах, хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй гарчээ.
· хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 28.9 хувиар,
· хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 23 хэргээр буюу 7.3 хувиар,
· хулгайлах гэмт хэрэг 261 хэргээр буюу 22.6 хувиар,
· дээрэмдэх гэмт хэрэг 32 хэргээр буюу 20.9 хувиар,
· улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 33 хэргээр буюу 2.4 дахин,
· авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 97 хэргээр буюу 15.3 хувиар,
· залилах гэмт хэрэг 130 хэргээр буюу 90.9 хувиар,
· мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 4.9 хувиар тус тус өссөн байна.
Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 162 хэргээр буюу 29.9 хувиар, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 1 хэргээр буюу 50%-иар тус тус буурсан байна.
Хүнийг алах, залилах болон мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна.
Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв
Монгол Улсын хэмжээнд 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 53.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар тус тус өссөн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 415 хүн буюу 80.1 хувиар өсчээ. Өсвөр насны хүний тоо 65-аар буюу 18 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 204 буюу 11.5 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 115 хүнээр буюу 8.3 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 527 хүнээр буюу 30.4 хувиар тус тус өссөн байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 3852 байна. Энэ нь нийт ял шийтгүүлэгчдийн 42.7 хувийг эзэлж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )