Э.Оюунсоёмбо: Ил задгай худалдаалдаг хүнсний бүтээгдэхүүнд хүхэр, хар тугалгын исэл шингэдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

Монголчуудын уламжлалт цагаан сартай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Э.Оюунсоёмбоос зарим зүйлийг тодрууллаа.  


-Мах, махан бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авах ёстой вэ? 

-Мал эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй, өвчлөөгүй, бүс нутгаас бэлтгэгдсэн малын махыг мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй хүлээн авна. Орон нутгаас мал, малын гаралтай түүхий эд бэлтгэж төв суурин газарт оруулж худалдаалахад дээрх гэрчилгээг шаарддаг, шалгадаг.   

 -Тээвэрлэлтэд ч гэсэн анхаарах шаардлагатай бололтой?  

-Мах, махан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгална. Хөлдөөсөн мах хадгалах байр нь -18-24 хэмтэй, маханд элдэв будагч, үнэр, амт шингээж болзошгүй бодис орохоос сэргийлсэн байдаг. Хана доторлогоо нь зэврэхгүй  материалаар хийсэн, тэгш, гөлгөр гадаргуутай, ус, чийг шингээхгүй, цэвэрлэгээ ариутгал хийхэд хялбар, зориулалтынх байх ёстой. 

- Худалдан авагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Мал эмнэлэг, ариун цэвэр,гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн тоо, хэмжээ зөрүүтэй,  аль аймаг, сум багийнх болох нь тодорхойгүй. Тухайн шатны Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байцаагчийн баталгаажилтгүй малын гаралтай түүхий эд /мах, сүү/-ийг хүлээн авч нийтийн хэрэгцээнд нийлүүлэх ёсгүй.  Малд вакцин, туулгалт хийснээс хойш 14-28 хоногт малын биед бүрэн шимэгддэг учраас малын мах, сүүг хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж болохгүй. Гадна орчинд ил задгай худалдаалж буй сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүнд хүхрийн давхар исэл, агаарын хий, альдегид, хөө тортог, хар тугалгын исэл шингэдэг.

 -Эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

 -Зөвшөөрөлгүй газарт ууц, өвчүү худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top