Монголын Улаан загалмай нийгэмлэг Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж /өрх тус бүрт 240.000 төгрөг/-ийг Хаан банкаар дамжуулан 2017 оны 12 дугаар сард олгосон.

Тусламж хүртэх 12 аймгийн 40 сумыг “Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газар”-аас бэлтгэн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 24-ны зудын эрсдэлийн зураглалд түшиглэн сонгожээ.
Зудын эрсдэлд өртөх магадлалтай 2000 малчин өрхөд дараагийн тусламж болгож малын эрдэс тэжээлийн багцыг хүргэх хүмүүнлэгийн цуваа энэ сарын 25-нд нийслэлээс хөдөллөө. Тусламжийн багцад өрх тус бүрт малын туурайн тос, нүдний түрхлэг, амин тун, ашигт долооц, загасны тос зэрэг цас, зудын үед малд шаардлагатай нэн хэрэгцээт бүтээгдэхүүн, эрдэст тэжээлийн нэмэлтүүд багтсан. Нэг өрхөд хуваарилагдаж буй багц нь 155,000 төгрөгийн өртөгтэй.
Малын эрдэс тэжээлийн багцийн тусламж Архангай, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Завхан, Хэнтий, Төв аймгийн 40 сумын зорилтот бүлгийн малчин өрхөд хүрнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )