Хүч чадалтайг нь бус сул доройг нь дээрэлхэж байгаа арчаагүй үйлдлийг монголчууд "Элэг барина" хэмээдэг. Тэгвэл өнөөдөр Монголын төр ийм "Элэг барьсан" үйлдлийг үзүүлж байгаа нь үнэхээр халагламаар. Энэ бүхнийг нотлох тод жишээ татвар байлаа. Он гарсаар хамгийн халуун сэдэв болсон шатахууныг тойрсон асуудлын гол гогцоо нь Авто бензин, дизель түлшний онцгой албан татварын нэмэгдэл байсан юм.
Нефть импортлогчид татвар нэмэгдэх сургаар шатахууны хомсдол буй болгож, бараг л хаалгаа барьж аяглав. Төр засгийн эсрэг хийсэн тэдний энэ тэмцэл ч үр дүнгээ өглөө. Өчигдөр төрөөс АИ-80, АИ-92-ын татварыг тэглэснээ зарлан тунхаглах нь тэр. Тиймээ, төр хүчтэй нэгний өмнө бол харцаар нь л хөдөлдөг юм байна. Харин авдаг цалингаасаа төрд хумслуулахыг хүсээгүй, насаараа нийгмийн даатгал төлчихөөд хувь хишгийг нь хэдэн жил хүртэхийг хүссэн харц ардынхаа үгийг бол "чихнийхээ" хажуугаар өнгөрөөдөг юм байна, Монголын төр.
Тэсгим хүйтэн өвлөөр ард иргэд хөлдүү цемент дээр хэвтэж /Сүхбаатарын талбай дээр хэвтээ жагсаал хийсэн/ хүртэл тэмцсэн. Гэвч иргэдийн энэ эсэргүүцэл үр дүнд хүрэх нь бүү хэл, эрх мэдэлтнүүдийн "инээдийг хүргээд" дууссан.
Хэд хоног бензинээр нь боож байгаад татвараа байхгүй болгочихдог даам гарчихсан хулгайчуудын өмнө "өвдөг сөгдсөн" атлаа ард иргэдийнхээ үгийг юман чинээ бодохгүй байгаа Монголын төрийн үнэн төрх энэ л байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
Өнөөдрийн энэ арчаагүй, ард иргэдээ гэсэн сэтгэлгүй луйварчдыг өмөөрөх хүмүүс байсаар байгаа нь үнэхээр сонин юм аа. Юун ард түмэн, зүгээр л муусайн боолууд, эд нарт цадтал нь хоол өгч болохгүй, өлөн амьдруулж ходоодоор нь барих хэрэгтэй гэж наад луйварчид чинь ярьдаг юм шүү дээ.
Ed nariig ene 2 nam songuuli bolhoor baahan saadag bolhoor yaj ch chadahgui gololzoj bgaa yum.
Бензины тухайд бас нэг компанийн захиалгат жүжиг шиг харагдаж байна даа.
Алийн болгон жижиг жагсаалыг авч үзэх вэ дэ? Төрд сайн ажиллах боломж олго? За Манайхан арай хэтрэх юм. Хүний эрх чөлөө гэхээр арай хэтрэх юм.