Одоогоос 10 гаруй жилийн өмнө, 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр цавуу, зүймэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг меламин хэмээх бодисын гайхамшигтай чанарыг олж нээсэн тухай шуугиж, хүнсний үйлдвэрлэл явуулдаг компаниуд чухам л тэнгэрийн умдаг атгачихсан юм шиг баярлаж байсан билээ. Энэхүү гайхамшигтай химийн нэгдлийг хүнсний бүтээгдэхүүнд өчүүхэн холиход л муутгадаггүй, уурагт чанарыг нэмэгдүүлж харагдуулдаг, ялангуяа сүүг гашилгадаггүй болохыг нь эрдэмтэд тогтоогоод хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж эхэлсэн түүхтэй. “Меламин нь бага хэмжээний хүчил агуулсан химийн нэгдэл. Шээсээр амархан гадагшилдаг. Хоруу чанарын хувьд давснаас ч бага байж болох талтай. Гэхдээ давсагны хорт хавдар, шээс ялгаруулах эрхтэнд нөлөөлж үхэлд хүргэдэг байж болно” хэмээн ”Wikipedia”-д бичжээ. Гэтэл 2006 оноос эхлэн “Эхийн сүү орлуулагчид агуулагдаж байсан меламинаас болж нялхас эндэж байна” гэсэн мэдээлэл цацагдаж, энэ хэрэгт холбогдсон компанийн захирлууд цаазаар авахуулсан. Сүүний үйлдвэрийн боссууд хадгалалт даалгадаг бус, уурагт чанарыг нэмэгдүүлсэн мэт харагдуулдаг хуурамч чанарыг нь илүү шүтсэнээс болж тунг нь хэтрүүлж, эмгэнэлт хэрэг гарсан юм.
Үүний дараа “Хятадын Коммунист намын түшмэдүүд үгэнд нь орохгүй байгаа бизнесийн бүлэглэлийнхнийг дарах гэж ийм хэрэг үүсгэсэн, тэрнээс биш меламинтай бүтээгдэхүүн одоо ч үйлдвэрлэгдсээр байгаа” гэсэн мэдээллүүд гарч байлаа. Үнэхээр ч цаазаар авахуулсан бизнесмэнүүдийн оронд төрд зүтгэж байсан эрхмүүд томилогдсон нь дээрх мэдээллийг зарим нэг байдлаар үнэн гэж хардахад хүргэсэн юм. Меламинтай сүүг бүгдийг нь устгасан гэсэн мэдээллийн дараа “Устгаагүй ээ, зүгээр л тохиромжтой цагийг хүлээж тусгай агуулахад хадгалж байгаа” гэсэн мэдээлэл цацагдаж, монголчуудыг хиртхийлгэж байв. Учир нь меламин нь сүүг гашилгадаггүйгээр барахгүй, хүнсний бүтээгдэхүүнийг муутгадаггүй гэж дээр өгүүлсэн билээ.
Гурилан бүтээгдэхүүн, жимс, шоколад, зайрмаг зэрэг хадгалалт даадаггүй бүтээгдэхүүнд меламины формальдегидыг холиход хадгалалт нэмэгддэг гэдгийг АНУ-ын үйлдвэрлэгчид ч мэддэг, ашигладаг байсан гэдэг. Харин БНХАУ-д “Меламины дуулиан” дэгдсэний дараа тус улсын Хүнс, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын хороо (Food and Drug Administration) хяналтаа улам чангаруулсан юм. Барбадос улсын Эрүүл мэндийн яам хүртэл хүнсний хяналтаа чангаруулж, зарим нэг бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хассан билээ. Тус улсад зарагдаж байсан зайрмагны ихэнх нь хэрэглээнээс шахагдаж байв.
Энэ явдлын дараа манай аж ахуйн нэгжүүд Өвөрмонголоос сүү авахаа больсон билээ. Гэтэл саяхнаас эхлэн “Меламинтай бүтээгдэхүүнийг устгаагүй, зах зээл олж худалдах боломжийг эрэлхийлэхийн тулд тусгай агуулахад хадгалж байгаа” гэсэн мэдээлэл дахин гарах болов. Улмаар тусгай газар нуун хадгалж байсан меламиныг илрүүлж, хоёр хүнд бүх насаар нь хорих ял оноосон нь бүр ч сэртхийлгэсэн мэдээ боллоо. Учир нь бид сүү авахаа байсан ч элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлосоор байсан юм. Тиймээс л ийн цочирдсон хэрэг. Меламины хэрэг анх дэгдэх үед манайх сүүний дээжийг ОХУ руу явуулан нарийн шинжилгээ хийлгэж байсан. Үүнийхээ дараа “Гаалиар орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг лаборатори оруулж ирсэн, одоо меламинтай бүтээгдэхүүн орж ирэхгүй” хэмээн сурталчилж байсан санагдана. Бид хүнсний аюулгүй байдлаа бүрэн хангасан улс биш. Лабораторид шинжлүүлэхээсээ илүү брэнд нэр, хөгжилтэй улсад үйлдвэрлэсэнд нь итгэдэг “цөөнх”, үнэ л хямд байвал шинжилгээ энэ тэр ч яамай байна аа гэсэн үзэлтэй “олонхи” гэсэн хоёр төрлийн иргэдтэй. Ийм байхад БНХАУ-ын хориотой хүнсний зах зээл болох боломж бүрэн бий. Меламинтай бүтээгдэхүүнийг бид одоо ч хэрэглэсээр байгаа. Харин хэтэрсэн тунтай байх вий дээ.
Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 1 )
Hyatadaas Milantai suunes ch bur tsatsrarg idehet bodistoi baih tun magadlaltai tsagaan budaa, suu zergiig yaponoos oruulj irdeg bizdee. Fushemagiin tsahilgaan stantsaas aldagdsan tsatsrag Cgenolinhees 11 dahin ih baisniig zasgiin gazar ni ard tumneesee nuusanyum gesen Ene tuhaid ANU- garsan yapon erdemten uuniig hun torlogtnii tusiin tuld ilchillee gej bichij baisan. Iim gazraas tsatsragtai hunsnii zuil avah ni ayultai. mashin avch baigaa. mashin ch duurch yamar ideh bish gadaa l baih yum daa. Bas neg ayul prus mashinii baterei baina daa