Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оныхоос 81 хэргээр буюу 9,6 хувиар буурсан байна.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт улсын хэмжээнд 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65,6 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна.
Нийслэл хотод 2017 онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хэргээр буюу 7,3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55,9 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34,0 хувиар өссөн байна.
Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж байгаа аж.
Т.Ариунтунгалаг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )