Үйлдвэрчний эвлэл татан буугдсан уу

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

Үйлдвэрчний эвлэл хэмээх олон жилийн түүхтэй байгууллага өдөр ирэх бүр л улам үнэ цэнэтэй болж байх учиртай. Зах зээлийн энэ ороо бусгаа нийгэмд иргэд алба хаагчдын эрх ашгийг хамгаалах хамгийн ойрын түнш, төр ард түмэн хоёрын дундах гүүр байсаар ирсэн учраас энэхүү гүүр өнөөдөр улам бэхжиж баталгаажсан байх учиртай юм. Нийгмийн хаана ямар өргөс байна, хаана юу дутаж гачиж байгааг зохицуулах замаар цаг үетэй уялдсан бодлоготой явж ирсэн байгууллага маань сүүлийн хэдэн жил лав таг суулаа.

Сүүлийн хэдэн жилд цалин тэтгэвэр нэмэх тал дээр дуу хоолой болсонгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ төрөл тус бүр дээр 30-50 хувиар өсч, ам.долларын ханш чангарч, төгрөгийн худалдан авах чадвар буурсан гээд олон сөрөг зүйлийг дурдаж болно. Энэ бүгдийг зохицуулах эрх нь Монголын үйлдвэрчний эвлэлд үгүй боловч энэ зүгт анхаарал хандуулах эрх нь бий. Тэр ч бүү хэл энэ бүхнийг зохицуулж, анхаарал хандуулж, иргэдийн дуу хоолой болж байх зорилготой байгууллага.

            Гэтэл энэ бүх сөрөг үйл явдлууд дүүрэн өрнөж байхад МҮЭ ямар ч дуу гаргасангүй. Юун цалин төгрөг нэмэх, тэтгэвэр халамжийн зүгт дуу хоолой болох вэ. Ерөөсөө байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга боллоо. Өдгөө МҮЭ-ийг улиран толгойлж байгаа Х.Амгаланбаатар чухам юу хийж байгааг ойлгох юм алга. Уг нь муу нэртэй луу данстай болчихсон ч өмнөх ерөнхийлөгч С.Ганбаатар бол МҮЭ гэж айл байдгийг нийгэм сайтар ойлгуулаад зогсохгүй нийгмийн олон талд эерэг нөлөөлөл үзүүлж чадсан. Тийм ч утгаараа сонгогч олон түүнд итгэл хүлээлгэн УИХ-д нэг удаа суулгаад зогсохгүй өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар 400 мянган хүний санал цуглуулсан байж таарна. С.Ганбаатарын үед жилд 2-3 удаа цалин тэтгэвэр нэмж байсан тохиолдол ч бий. Цаад агуулгаар нь авч үзвэл С.Ганбаатар МҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ улстөрийн олигархи бүлэглэлд лав худалдагдаагүй гэдгийг эндээс харж болно. Өчүүхэн төдий ч автаагүй гэхэд болно. Тэдний өөдөөс тэмцэж чаддаг байв.

       Яахав, хувь хүний зүгээс улстөрийн алсын замаа бодолцсон ажиллагаа, сонголтууд явуулж байсныг үгүйсгэх аргагүй. Хэт их улстөржилт, хувь хүний улстөрийн пиарын үйл ажиллагаа байсныг ч үгүйсгэх хэрэггүй. Хамгийн гол нь тэр нийгэмд олон талын эерэг нөлөөлөл үзүүлж, тус дэм болсныг мартах аргагүй.

      Харин өдгөөгийн ерөнхийлөгч улиран ажиллахдаа нэг ч цалин тэтгэвэр нэмүүлэх тал дээр хөдөлгөөн хийсэнгүй. Тэр ч бүү хэл өнөөдөр төрөөс олгодог хүүхдийн хэдэн төгрөгийг хасах гэж байхад дорвитой ажил хийхгүй байна, иргэдийн дуу хоолой болж чадахгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарчихсан, цалин тэтгэвэр шалан дээрээ  байгааг МҮЭ-ийн дарга маань анзаарахгүй яваад байгаа нь хэнд ч хар төрүүлнэ. Өдий хугацаа өнгөрч нийгмийн байдал сайнгүй байхад загас мэт дуугүй суугаа ерөнхийлөгчийг олон талаар хардаж болохоор.

       Улстөрийн олигархи бүлэглэл амыг нь барьчихсан юм биш биз. Өчүүхэн төдий зүйлд автсан юм биш биз хэмээн хардахаас илүүтэй санаа зовох хүн ч цөөнгүй боллоо. Энд хэн нэгэн нөхрийг магтаж хэн нэгнийг нь муучлах гэсэнгүй. Ерөөсөө нийгмийн байдал ийм байхад дуугүй сууж байгаа ҮЭ байгаад л санаа зовж байна. С.Ганбаатарын үед тус байгууллага нь уул уурхайн чиглэлд хамгийн хүчтэй дуу хоолой байв. Өнөөдөр уул уурхай бол энэ айлын хувьд мартагдсан. Х.Амгаланбаатарыг С.Ганбаатар шиг гудамжинд жагсаж, байн байн хэвлэлийн хурал зарлаад бай гээгүй. Нийгэмд өрнөөд байгаа үйл явдлын бурууг нь ажиж, бусдад зөвийг нь ойлгуулаад тэр зүгт тэмц л гээд байгаа юм.

       Урьд өмнө энэ айлын тэргүүлэгч гурван талт хэлэлцээрийг мөн ч олон удаа өрнүүлсэн санагдана. Энэ хэрээр ч нийгэмд үр дүнгээ өгч байсан. Мөн Ерөнхий сайдтай хүртэл удаа дараа уулзаж, энэ мэт болохгүй асуудлыг зөвшилцдөг байв. Өөрөөр хэлбэл МҮЭ хэмээх байгууллага төр ард түмний дундах бат бэх гүүр болж чадаж байлаа. Одоо харин энэ гүүр нуран унасан гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй. Шүүгчдийн цалин хэдэн саяар хэмжигдэж байхад бидний эрүүл энхийн төлөө нойроо хасан ажиллаж байгаа эмч ажилчдын цалин өнөөх л байдгаараа. Монголын ирээдүйн сурч боловсрох үйлсэд оюун санаагаа чилээн цаг наргүй ажиллаж байгаа багш нарын цалин ч өнөөх л хэвээрээ. Хамгийн наад зах нь яагаад ийм зүйлд анхаарал хандуулж болдоггүй юм бэ.

        Энэ бүгдийг ийнхүү дурдаад эхлэхээр өнөөдөр эдийн засаг хямралтай, улс орны байдал хүнд байна, ийм байхад цалин тэтгэвэр нэмэх ямар ч арга алга. Боломжгүй зүйл. Дэмий донгосч байна гэх байх. Тэгвэл 2009 онд дэлхий нийтийг нөмөрсөн санхүүгийн хямрал манай улсад ч сүүдрээ тусгасан. Тодруулбал, өнөөдрийн эдийн засгийн хямралт байдлыг манай улс даваад гарч ирсэн. Энэ цаг үед ч цалин тэтгэврээ нэмээд зохицуулаад ирсэн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Угаасаа бүх зүйлийг хямрал гээч рүү түлхээд байж болохгүй. Энэ бүх зүйлээс харж суухад Үйлдвэрчний эвлэл хэмээх байгууллага татан буугдсан уу хэмээн асуухад хүргэж байна.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lovdon(59.153.115.104) 2025 оны 03 сарын 13

ROBOT AJLUUDIIG HIIH YUM CHIN BAIH SHAARDLAGGUI BOLNO

1  |  0
Зочин(103.212.116.172) 2025 оны 03 сарын 13

Бусад орны ҮЭ-ийг хараад байхад засаг төрөөсөө илүү их эрх мэдэлтэй ажилчин албан хаагчдын эрхийг дээд зэргээр хамгаалсан байгууллага байдаг.Манайд энэ байдал эсрэгээрээ.ҮЭ-ийн гишүүдийн татварын мөнгөөр туйлсан, талбай дээр хэдэн хүн цуглуулж худлаа ярьсан хүмүүс байдаг.Жинхэнэ утгаараа бол шал өөр байдлаар тэмцлийн хэлбэрийг явуулах ёстой.Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбоо гэхэд эрүүл мэндийн салбарынхаа эрх ашгийг хамгаалж чадахгүй л байгаа биз дээ

1  |  0
Zochin(103.26.193.60) 2025 оны 03 сарын 13

IIm idevkhgui uls terjsen, dagaldan bayssan baiguullaga baij irgedee shulj baisnaas baikhgui ny deer, yaj hedelmerchdiin erh ashgiig hamgaalj baigaa yum, saya ene olon tatvar nemeh gej baikhad duu hooloi ny heregtei bailaa, estoi idevkhgui UE baisnaas taraasan deer.Huuchin udirdlagaa ch zorigtoi solij chdahgui estoi hereg alga

1  |  0
zochin(202.9.40.200) 2025 оны 03 сарын 13

ali deer orshuulsiin sh de, medeeguimu, ali ert nas barsaan huurhii, odo zugeer l manangiin nohoid baridag mod l uldsen dee zailuul,

1  |  0
Top