Монголд өчигдөр юуны учир 200 гаруй хүн цусаа хандивлав?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 04

Сар бүрийн 3-ны өдөр нь цусаа бэлэглэх өдөр боловч  жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Үндэсний хэмжээний цус бэлэглэх" өдөр хэмээн зарласан билээ. Энэ өдрөөр иргэдэд донорын тухай ойлголтыг өгч, хүндэт доноруудаа алдаршуулдаг уламжлалтай. “Үндэсний хэмжээний цус бэлэглэх" өдөр цус цуглуулах төвүүд жирийн үеийнхээсээ илүү ачаалалтай ажиллаж байсан юм.

Донорын тасгийн эмч Д.Наранхүү “Өнөөдөр жирийн өдрүүдээс хэд дахин илүү их ачаалалтай байна. Жил ирэх тусам цусаа өгч буй донорын тоо нэмэгдэж байгаа. Үүний шалтгаан нь иргэд донорын тухай мэдээлэлтэй болж,  иргэн хүнийхээ үүргээ ухамсарлах болсноос болов уу гэж бодож байна. Мөн цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байгаа нь нэг талаар нөлөөлж байгаа.  2016 онд 23000 донораар төлөвлөж цус цуглуулах ажлаа эхэлсэн. Гэтэл 25380 хүнээс цус цуглуулсан байсан. 2017 оны нэгдүгээр сард  25500 хүнээс цус цуглуулахаар төлөвлөсөн. Сая жилийн эцсийн дүнгээ тайлагнаж үзэхэд төлөвлөсөн төлөвлөгөөгөө биелүүлж ажилласан байсан. Өнөөдрийн байдлаар манай төв дээр 180 гаруй хүн ирж цусаа бэлэглэсэн байна. Жирийн өдрүүдэд бол 20 гаруй хүн цусаа бэлэглэдэг. Явуулын хэлбэрээр мөн цус цуглуулж байгаа” гэлээ.

Улаанбаатар хотод цус цуглуулах үндсэн гурван салбар төв байдаг аж. “Баянзүрх цус цуглуулах төв” буюу хоёрдугаар эмнэлгийн ард, “Сүхбаатар цус цуглуулах төв” гээд Улсын нэгдсэн эмнэлгийн хойно, “Баянгол цус цуглуулах төв" буюу Баянгол дүүргийн долдугаар эмнэлэг дээр тус тус байрлах төвүүдэд очин цусаа хандивлах боломжтой юм. Шинээр цусаа өгөхөөр ирж буй хүмүүсийн хувьд мэдээлэл дутмагаас зарим нэг нь айдастай байдаг. Гэхдээ донорууд аажимдаа цусаа өгөх нь хүний амь авраад зогсохгүй олон эерэг нөлөөтэй болохыг ойлгодог гэдгийг эмч нар хэлж байсан юм.

Цусаа өгөх нь маш олон эерэг нөлөөтэй

Сувилахуйн албаны дарга Ж.Нармандах “Шинээр цусаа өгч буй хүмүүсийн хувьд мэдээлэл дутуу авсан байдгаас бага зэргийн айдастай байдаг. Цусаа хандивлаад сурсан доноруудын хувьд айх зүйл байхгүй. Учир нь цусаа өгөхийн давуу талыг мэддэг болчихдог. Цусаа өгснөөр хүний амь авраад зогсохгүй өөрт олон эерэг нөлөөтэй. Тухайн хүн цусаа өгсний дараагаар шинэ залуу эсүүд нь төлжин гарч ирдэг. Ингэснээр бодисын солилцоо эрчимжиж, цусны урсгал сайжирна. Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амийг авардаг. Учир нь нэг цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гарган авна. 17-60 насны хүмүүс цусаа өгдөг. Өнөөдрийн хувьд 20-40 насны хүмүүс ихэвчлэн цусаа өгч байна.  Цусаа өгөхөөр ирсэн хүн эхлээд бүртгүүлэн, цусаа өгөх боломжтой эсэхээ тодруулан сорьцын шинжилгээ өгнө. Улмаар Элэгний BC вирус, ДОХ, Тэмбүү гэсэн төрлөөр шинжилгээний хариу гарна. Хариу эрүүл гарвал тухайн хүн цусаа хандивлаж болно. Бид цусаа хандивлаж буй хүнээс ямар нэгэн хураамж авдаггүй бөгөөд эргүүлээд ямар нэгэн мөнгө төлдөггүй. Гэхдээ тодорхой хэмжээний урамшуулал байдаг. Тухайлбал, цусаа хандивласан хүн бүрт шоколад, вакус, кофе өгдөг” гэв.

Бүхэл цус, сийвэн, ялтас цусны гэсэн гурван төрлийн донор байдаг байна. Бүхэл цусны донор нь нэг удаад 350-400 миллетрийн хэмжээтэй цусыг хандивлах боломжтой аж. Эмэгтэй хүн гурван сард нэг удаа, эрэгтэй хүн хоёр сард нэг удаа бүхэл цусаа өгөх боломжтой гэнэ. Сийвэнгийн донор нь нэг удаадаа 600 миллетр цус өгөх бөгөөд шингэн хэсгийг нь ялган авдаг байна. Энэ төрлийн донор нь 14 хоногт нэг удаа цусаа өгч болно. Ялтас цусны донорын цусыг цус алдалтад ашигладаг ба цус бүлэгнүүлэх үүрэгтэй аж. Энэ төрлийн донор сард нэг удаадаа цусаа өгөх боломжтой гэнэ. Цусаа хандивлаж буй доноруудын сэтгэгдлийг хүргэе.

Хүрэл донор Ц.Лувсансамбуу “Юуны өмнө доноруудаа баярын мэндийг хүргэе. Би 1998 оноос эхэлж цусаа өгсөн. 2014 онд "хүндэт донор" болсон. 2017 онд "хүрэл донор"-ын цол авсан. Би гурван хүүхэдтэй. Нэг хүү маань хүнд бэртэж байсан удаатай. Тэгэхэд яг миний өгч байгаа цус шиг цусыг хүүд минь сэлбэж байхыг харсан. Тэр үеэс л цусаа өгч хүний амь аврахыг хичээх болсон. Бусад хүмүүст хандаж хэлэхэд цусаа бэлэглэж олон хүний амь авраарай. Хувийн эмнэлэг цусыг өндөр үнээр худалдаж авдаг гэж сонссон. Гэхдээ улсдаа цусаа үнэгүй хандивлахыг би эрхэмлэдэг” гэсэн юм.

Залуу донор Б.Балжирмаа “Би цус багадалттай. Хүмүүс цус багадалттай хүн цусаа өгөх нь сөрөг талтай гэж боддог. Харин би эмчийн зөвлөсний дагуу цусаа өгснөөр цус минь улам илүү хурдан төлжих болсон. Цусаа өгөөд нэг жил болж байна. Одоо тав дахь удаагаа цусаа өгч байгаа нь энэ. Хүн амьдралдаа мод тарих, хүний амь аврах, ном бичих гэсэн гурван зүйлийг хийсэн байх ёстой гэдэг. Би мод тарчихсан. Одоо цусаа өгч байна. Ирээдүйд ном бичнэ. Цаашдаа “алтан донор” болох зорилготой” гэлээ.

Ч.Баасанжав “Би 2013 оноос хойш цусаа өгсөн. Одоо 21 дахь удаагаа цусаа өгч байна. Цусаа өгөх нь хүний амь авраад зогсохгүй өөрийн цус төлжих олон давуу талтай. Зарим хүмүүс цусаа өгөх нь цус багадалтад хүргэнэ гэх мэт олон буруу ойлголттой байдаг. Энэхүү ойлголтоо залруулаасай гэж  хүсмээр байна. Миний өгч буй энэ сийвэнгийн цусыг нярай хүүхдийн амь аврахад ашигладаг” гэв.

 Цусаа бэлэглэх өдрийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор зохион байгуулж байгаа юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top