Эрэгтэй хүн ерөөс биологийнхоо хувьд эмэгтэй хүнээс богино насалдаг гэдгийг дэлхийн эрдэмтэд тогтоосон бол монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ найман насаар богино насалж байгаа гэсэн судалгаа бий. Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 71, эрчүүдийнх 63 гэж гарчээ. Харин энэ зөрүүг ойртуулах боломж бий гэж манай эмч нар хэлж байна.
Жишээ нь, “Адам” эмнэлгийн бөөрний мэс засалч, их эмч Н.Нансалмаа “Биологийнхоо хувьд эрэгтэйчүүдийг богино насладаг гэж анагаах ухаан хэлж буй ч найман насны зөрүүг дөрөв болгох боломжтой” гэж үзэж байгаа юм.
Тэрбээр манай эрэгтэйчүүдийн эрүүл мэнд хаягдаад байгаагийн гол шалтгаан эрчүүд өөрсдөө эрүүл мэнддээ хайнга ханддаг бөгөөд ар гэрийнхэн нь ч эрчүүдийнхээ төлөө бага анхаардаг гэж тайлбарлаж байна.
-Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэсэн сэдэв манайд шинэ сэдэв болон хөндөгдөх хэмжээнд хүрчээ. Яг ямар асуудлууд тулгараад байгааг одоо гаргаж тавьцгаая. Таны дүгнэлт бидний анхаарлыг их татаж байна?
-Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал манай улсад гээгдсэн салбар болчихоод байна. Эрэгтэйчүүдэд зориулсан нийгмийн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх төрийн бус байгууллагууд, мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах, иргэдийг эрүүл мэндийн мэдээллээр хангах гээд олон асуудлуудыг даруй хийж эхлүүлмээр санагддаг.
-Эрчүүд маань ихэнхдээ ямар өвчинд их өртөж байна вэ?
-Тэд хортой зүйл их хэрэглэж байна. Мөн цэрэг цагдаа, онцгой байдал гээд эрсдэл ихтэй нөхцөлд ажилладаг. Үүнээс гадна өвчин үүсгэх гол хүчин зүйл нь эрчүүд эмэгтэйчүүд шиг стрессээ тайлж чаддаггүй. Энэ их нөлөөтэй. Мөн хөдөлгөөний хомсдолд орох, буруу хооллох зэрэг нь эрэгтэйчүүдийн өвчний суурь болж байна.
-Түрүү булчирхайн үрэвсэл гэх эмгэг нэлээд түгээмэл байдаг юм байна. Ер нь түрүү булчирхай гэж ямар үүрэгтэй эрхтэн юм бэ?
-Түрүү булчирхай нь үрийн шингэний тодорхой хувийг ялгаруулдаг, эр бэлгийн эсийн амьдрах орчны хэвийн нөхцөлийг хангах, шээсний сүв дундуур нь байрладаг 20 гр хүртэл жинтэй булчирхайлаг хос биш эрхтэн байдаг. Шээх үед шээсийг нөхөн үржихүйн хэсгээс тусгаарладаг. Түрүү булчирхайн үрэвсэл залуу хүмүүст илүү, түрүү булчирхайн томролт 45-аас дээш насныханд тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл нь давсаг, цавь орчмоор хөндүүрлэж хатгах шинж тэмдгээр илэрдэг. Хүндэрсэн нөхцөлд цустай шээс гарахаас гадна шээс дусагнах, бэлэг эрхтний хөвчрөлт сулрах, дур хурдан тавих мэтийн шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд эмчид яаралтай хандах шаардлагатай.
-Эрчүүдэд үргүйдлийн тухай бас нэгэн далд асуудал бий. Үүний гол шалтгаан юу юм бол?
-Хүмүүс ихэвчлэн эмэгтэй хүнээс болоод хүүхэдтэй болохгүй байгаа мэт нийтлэг ойлголт амьдрал дунд байдаг. Гэтэл яг бодит амьдрал дээр сүүлийн үед эрэгтэйчүүдийн үргүйдэл маш ихэссэн. Гол шалтгаан нь эрчүүд бэлгийн замын халдварт өвчин тусаад эмчлүүлэхгүй байсаар сорвижон үр дамжуулах сувгийн наалдацаас болж үргүйдэхэд хүрдэг. Хламид, микоплазма, уреаплазм зэрэг өвчнөөр эрчүүд өвчилж байна. Эдгээр өвчин дээр зовиур гэж нэг их илэрдэггүй. Ямар нэгэн идээрхэг зүйл гардаггүй. Өвчний эхэн үедээ л шээхэд бага зэрэг хорсох шинж тэмдэг илэрч байгаад намжчихдаг. Тиймээс эрчүүд эдгээр аюултай өвчнөөс хамгаалахын тулд шинжилгээ өгч, эмчид хандах хэрэгтэй. Ер нь бэлгийн замын халдвараар өвчлөхгүй, зөв хооллон, илүүдэл жингүй, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрах л чухал. Мөн архи дарсыг зүй зохистой хэрэглэх хэрэгтэй. Тамхи бол судас хатууруулж бэлгийн сулралд хүргэдэг гэдгийг байнга санаж байх ёстой.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )