Багануур дүүргийн прокурорын газраас шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөгч нарын хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат, Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Пүрэвжав, Цагдаагийн хэлтсийн дарга Т.Төгс нар оролцож шинээр хэрэгжиж байгаа хууль, заавруудыг хангах явцад гарч байгаа ололт, дутагдлуудын талаар анхааруулсан байна.
Түүнчлэн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа, "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав, "Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах зарим асуудал”-ын талаар дүүргийн ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх М.Гэрэлбадрах, "Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ”-ний талаар Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Алтанхуяг нар тус тус мэдээлэл хийж мөрдөгч, прокурор, шүүгч нар харилцан санал шүүмжлэл, асуулт хариулт өрнүүллээ.
Хамтарсан зөвлөгөөнөөс:
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн хугацаа сунгах ажиллагааг онцгой тохиолдолд авч үзэн аль болох үндсэн хугацааны дотор хэргийг шийдвэрлэх, шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор хэргийн хугацаа сунгалтыг бууруулах,
-Хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгалтыг энэ оны түвшингээс бууруулж, хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагааг нэмэгдүүлэх,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж хэргийг шуурхай шийдвэрлэх:
-Хэрэг бүртгэлтийн дугаар олгосон хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх талаарх материалыг бүрдүүлж хэвших, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын хэрэгжилтийг хангах зэрэг шийдвэрүүд гарсан байна.


Сэтгэгдэл ( 0 )