“K-pop”-ын од Ким Жон Хюны оршуулга өнөөдөр боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 22

K-pop-ийн од Солонгосын алдарт "SHINee" хамтлагийн дуучин Жонхьюн энэ сарын 18-ны даваа гаригт Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Чеондам-донгдох гэртээ, оройн 18 цагийн орчимд ухаан алдсан байдалтай олдсон юм. Түүнийг эмнэлэгт хүргэж түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн ч аварч чадаагүй. Талийгаачийн үхэл шүтэн бирэгчид нь болоод ойр дотнын хүмүүст нь асар хүнд цохилт болоод байгаа юм. Хамтлагийнх нь гишүүд Жонхьюны үхлийн тухай мэдээг сонсоод шоконд орж, ухаан алдсан гэх мэдээлэл байгаа юм. Жонхьюны оршуулгыг өнөөдөр ойр дотны хүмүүсийн хүрээлэлд чимээгүйхэн зохион байгуулсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний гэрийн ил зууханд шахмал түлш шатсан баримт байгаа учраас нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон байж болох юм гэж таамаглаж байгаа аж. Гэвч ослын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа юм. Зарим хэвлэлүүдээр түүнийг амиа хорлосон байх магадлалтай гэх мэдээлэл гараад байна.

Түүний эгч сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ  "Жонхьюн амиа хорлосон" гэж бодож байна гэжээ. Учир нь тэрээр хамгийн сүүлд эгчдээ "Надад маш хүнд байлаа. Намайг одоо явуул, бас намайг сайнаар дурсаарай. Би танд хамгийн сүүлчийн удаа баяртай гэж хэлье" гэж зурвас илгээсэн байна.

Мөн талийгаачийн дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэлсэн байна.

Захидалд “Би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь. Би өөрийн энэ байдалдаа эмч нарыг буруутгаж, тэдний ажлыг амархан гэж боддог байв. Гэтэл энэ үнэхээр аймшигтай зүйл байж. Над шиг ингэж зовж, шаналсан өөр хүн байхгүй байх. Алдартай нэгэн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Тийм  учраас намайг ингэж зовж байгаа юм гэж тэд хэлсэн… Би яагаад ийм замыг сонгох болов. Үүнийг давж гарна гэдэг миний хувьд бүтэшгүй юм. Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай" гэж бичсэн байжээ.


 

 Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(83.254.0.122) 2025 оны 03 сарын 13

huurhiig tavij yavuul daa.um mani bad mi hum

1  |  0
Top