Хууль сахиулагчдын хууль бус үйлдлийг АТГ-т шилжүүлжээ

2017 оны 12 сарын 20

 

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өдөр шөнө, халуун хүйтэн, хатуу ширүүнийг үл ажран тангарагтаа, албандаа чин үнэнчээр зүтгэж яваа цагдаагийн алба хаагчдаар бахархдаг. Гэтэл энэ итгэл, өргөсөн тангараг, өндөр төрийн хуулийн дор, өөрийнхөө өмнө үнэнч зогсож чадаагүй, чадахгүй шударга дүр эсгэсэн этгээдүүд “цагдаа” хэмээх эрхэм нэрийг эсрэгээр ашиглаж байсныг илрүүлжээ.

Хуулийг хэлбэрэлтгүй сахих, сахиулах чиг үүргээ умартаж, өөрт оногдсон албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, буруу аашилсан алба хаагчдад холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна. 

Өргөсөн тангараг, сахилга, ёс зүйгээ уландаа гишгэж, хувийн эрх ашиг, хүсэл сонирхолоо тэргүүнд тавьсан тэдгээр алба хаагчид нэлээн хатуухан хариуцлага тооцуулах бололтой. Нэг сар хүрэхгүй хугацааны өмнө Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдах албан тушаалтнуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өгөхдөө “Цагдаагийн эгнээ цэвэр, ариун байх ёстой. Алба хаагч бүр өргөсөн тангарагтаа үнэнч, улс төр, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байж, гагцхүү хуулийн хүрээнд шударгаар ажиллах хэрэгтэй” гэдгийг онцолж байсан.

Тэр ч утгаараа шалгуур, шаардлагыг өндөрсгөн, хяналт шалгалтыг нарийвчлан зохион байгуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын нэгжээс илрүүлж Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн хэргүүдээс харагдаж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хэргийн холбогдогчоос мөнгө авсан, ахлах мөрдөгч Б-д холбогдох хэрэг, Эрүүлжүүлэгдсэн иргэдийн ар гэрээс мөнгө авч завшсан алба хаагч О-ын хэрэг, Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан алба хаагч О, Б нарт холбогдох хэргийг илрүүлэн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн хэргүүдийн дунд архи, согтууруулах ундааны зүйл нийтэд худалдаалахыг хориглосон өдрүүдээр 8 нэрийн барааны дэлгүүрүүдэд шалгалт хийж торгууль нэрээр мөнгө завшиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан Б, Э гэх цагдаа нарын хууль бус үйлдэл ч байгаа гэнэ.

Цагдаагийн байгууллагын удирдлагаас цаашид ч энэхүү ажиллагааг үргэлжлүүлж эрх мэдэл, албан тушаалдаа эрдэж хуулиас гадуур аашлах үйлдлийг таслан зогсоох, алба, тангарагаа хүндэтгэн, үнэнч шударгаар ажиллаж буй алба хаагчдаа дэмжих аж.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(112.72.11.123) 2025 оны 03 сарын 13

SURSAN YUMIIG SURAAR BOOJ BOLDOGGUI GEJ EHNEESEE HULGAI HIIGEED SURSAN ZAMIIN TSAGDAA ,AVTOBUSNII JOLOOCH NARTAI NILEED UDAAN TEMTSEJ BAIJ HULGAI HIIHIIG N BOLIULAH BAIH.GANTS NEGIIG N TSAAZAAR AVCH BAIJ L MONGOLD SHUDARGA YOS TOGTOH BAIH UNENDEE.UGAASAA L IIM HUMUUSDEE.

1  |  0
зочин(203.91.115.36) 2025 оны 03 сарын 13

хамгийн доод тушаалын албан хаагчид илүү өртөх магадлалтай

1  |  0
Эрдэнэ(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Маш зөв төмөр замын 2 офицер бас шалгагдаж байгаа.бусдаас удаа дараа архи архины мөнгө нэхэж дарамталдаг

1  |  0
Top