Гэрээсээ гараад сураггүй болсон нэгэн иргэний тухай мэдээлэл цагдаагийн газар бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт 39 настай иргэн Д гэгч эрэгтэй 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш сураггүй болжээ. Ингэхдээ иргэн Д нь автомашинтай гэрээсээ гарсан гэнэ. Гэвч түүний автомашин олдоод байгаа ч өөрөө сураггүй болжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэн Д-г алга болсон тухай дуудлагыг ар гэрийнхэн нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:50 цагт цагдаагийнханд өгсөн аж. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 11 алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 31 иргэн, дөрвөн морьтойгоор эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Харин өнөөдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, хоёр автомашинтай, тус аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн долоон алба хаагч, Баруунбүрэн сум дахь Цагдаагийн тасгийн хоёр алба хаагч ар гэрийн 20 хүн, хоёр автомашинтай нийт 42 хүн, дөрвөн автомашинтайгаар сураггүй болсон иргэн Д-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Бид энэ талаарх мэдээллийг холбогдох албан болон албан бус эх сурвалжаас тодруулан цаг тухайд нь хүргэх болно.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )