Гишүүд тойрогтоо тус бүр гурван тэрбум төгрөг хуваарилсан уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Ерөнхийлөгч 2018 оны төсвийн зарлагын  хэсэгт хориг тавилаа. Хэтэрхий үрэлгэн гэсэн дүгнэлтийг төрийн тэргүүн хийсэн байна. Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийн  алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрчээ.  Өмнө жилүүдэд өсвийн орлого 3.3-4.2 их наяд төгрөг, төсвийн зарлага 4.3-5.2 их наяд төгрөг байсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2012-2015 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2-5.1 хувьтай тэнцэж байсан аж.  

Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурал 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цалин болон түүнтэй адилтгах орлогоос 10-25 хувийн татвар авах хууль үйлчилж эхэлнэ.  Ингэж татвараа нэмээд УИХ-ын гишүүд тойрогтоо гурван тэрбум төгрөг тусгуулсан гэж байна. Өмнө нэг тэрбум төгрөг хуваарилж байсан удаатай. Гэтэл  энэ жилийн төсөвт гурван тэрбум болгоод  нэмчихжээ.

Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардал 2017 оны анх батлагдсан дүнгээс 475.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, зөвхөн тоног төхөөрөмжийн худалдан авалтын зардал өмнөх оныхоос 192.9 тэрбум төгрөгөөр өссөн зэрэг асуудал 2018 оны төсөвт туссан.    

Үүний хүрээнд анхаарвал зохих асуудал бүрийг нягтлан, үр ашиггүй нэг удаагийн халамж болон төрийн байгууллагын албан конторын барилга, байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын зардлыг танах, дэд сайд, орлогч дарга гэх мэт чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгож төлөвлөгдсөн урсгал зардлыг нь хэмнэх зэрэг арга хэмжээг авах боломж бүрэн байна гэдгийг Ерөнхийлөгчийн хоригт тусган, онцолжээ. Мөн төсвийн хэлэлцүүлгийн үед гэнэт 58 тэрбум төгрөгийн зардал бүхий 125 төрлийн хууль зөрчсөн, зураг төсөвгүй байж болох хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг олон нийт  “УИХ-ын гишүүний гурван тэрбум” хэмээн нэрлэж байгааг  Ерөнхийлөгч  сануулсан.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  төсөвт бүхэлд нь хориг тавьсан удаатай.Энэ гишүүдийн тэрбум төгрөгийг тараагаад байршуулчихсан учраас бүхлээрээ олдохгүй байсантай холбон тайлбарладаг. Энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга давтлаа.

Төсвийг алдагдалгүй баталсан тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжүүдэд очих хүү багатай 2.5 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр бий болж, хувийн хөрөнгө оруулалт өсч, ажлын байр нэмэгдэх сайн талтай. Эдийн засгаа тэлж ажлын байрыг нэмэхгүйгээр ядуурал буурахгүй. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байж мэдэхээр байгаа бололтой.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(109.89.138.79) 2025 оны 03 сарын 13

Энэ гишуудэд менгений бараа харуулахгуй тас хорих хэрэгтэй байгаа юмдаа. Ингэж менге унэртуулэхээр ах дуусээрээ тендерт ороод бузартаад байгаа юмдаа. Менге зарцуулах эрхгуй яг л хуулиараа заасаг ажилаа хийгээд явуулбал наад хуурууд чинь бугд улс тереес дайжаад алга болно. Алт амлаж буян егне гэсэн ирэхгуй. Ийм учраас дээр дооргуй улс дооргуй шатдаггуй наймаа гэж УИХ-ыг хараад байгаа юм.

1  |  0
Top