Монголчууд архи уухдаа хүртэл “Fashion ” хөөцөлдөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 06

Хувцас загварын ертөнцийн “халим” Fashion TV телевиз архины бизнест орж ирсэн нь эрэлтийг овжин шүүрч авсан хэрэг юм. Телевизийн захирал ноён Мишель Адам, ОХУ-ын Байкалфарм компанийн эзэн Михайл Матханов гэсэн хоёр андууд нийлж, архины бизнест хөл тавьжээ. Хувцас өмсдөггүй хүн байдаггүй учир өмсч байгаа “навтас”-ныхаа талаар хэн ч гэсэн сонирхдог. Тэр ч утгаараа Fashion TV болон үзэгчдийн тоо, орлого нь олон саяар тогтчихсон, их мөнгө эргэлддэг телевиз. Гэтэл энэ том байгууллага архины бизнест орсон байна. Ингэхдээ шинээр хийх архиа дэлхий даяар борлуулахгүй, хамгийн их эрэлттэй байдаг Хятад, Монгол, Тайланд улсад л борлуулахаар болжээ. Хятадыг сонгож авсан шалтгаан бол ойлгомжтой, дэлхийн таван хүн тутмын нэг нь энд амьдардаг том зах зээл учир орон зай хангалттай олдоно. Тайландыг сонгосон нь ч тийм гайхаад байхаар зүйл биш, жилд хэдэн зуун сая жуулчин хүлээж авдаг, зугаа, цэнгээн, найр наадмын өлгий нутаг. Харин Монголыг нэг хүнд ногдох спиртэн бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд тасархай тэргүүлдэг, цаашид ч итгэл төгс тэргүүлсээр байх ирээдүйтэй гэж сонгож авсан байх. Гэхдээ бас өөр нэг үндэслэл байж болох талтай.

Дэлхийд алдартай телевиз архи хийчихээд, зах зээлийг нь булаацалдана гэхээр манай зарим төрийн түшээд түгшиж байсан ч f-Premium нэртэй уг тансаг зэрэглэлийн архийг ядууст биш баячуудад зориулж гаргасан юм. Хятад, Монгол, Тайландын нийгмийн элит хүрээнийхэн, өөрсдийгөө элит гэж бодогчид шинэ жилийн ширээгээ f-Premium архиар чимж эхэлсэн нь төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнийх билээ. Монгол Улсын архины зах зээлийг БНХАУ, Тайландтай нэг зиндаанд авч үзсэн нь дэлхий нийтийн хувьд бол хачин, бидний өөрсдийн хувьд бол гутамшиг юм.

Мишель Адам өнгөрсөн жил f Beverages компанийг байгуулж, тансаг архи үйлдвэрлээд гаргасан бүтээгдэхүүнээ авлига хээл хахууль ихтэй Польш зэрэг оронд худалдаалах болсон байна. Польшийн дэлгүүр, дати фрид f Vodka нэртэй архи 40, 48 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа. Энэ нь хамгийн үнэтэй архины тоонд орно. f Vodka Польшид 48 ам.доллар байхад Монголд f-Premium ямар үнэтэй байх нь архины нэрнээс нь л ойлгогдож байгаа биз дээ.

Тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчид бараагаа ихэвчлэн авлига хээл хахууль ихтэй орнуудад шахдаг нь хэнд ч илэрхий. Алмаазан шигтгээтэй цаг, гар утас, цагаан алтан тоногтой гольфийн цохиур зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчид ихэвчлэн энэ зорилгоор худалдаж авдаг. Үүнд архи ч орно. Хамгийн үнэтэй бэлгийг хамгийн үнэтэй сархад дагалдах ёстой шүү дээ.     

LV брэндийг анх Монголд орж ирэхэд “Нэг ч бараа зарагдахгүй, хаалгаа барина” гэж бодсон хүн олон байсан ч өдий хүртэл ажилласаар байгаа билээ. Гадаадын нэг ажиглагч үүнийг Монголд авлигын түвшин өндөр байдагтай холбон тайлбарласан байсан. Учир нь, авлига хээл хахууль ихтэй оронд тансаг барааны эрэлт хамгийн их байдаг гэдэг нь аль хэдийнэ нотлогдсон юм байна. Монголын тухайд Авлигын индекс нь жил бүр өсч байгаа, ийм төрлийн бараа бүтээгдэхүүн борлогдох их ирээдүйтэй улс. Тийм болохоор л LV, Fashion TV зэрэг өнгө мөнгөн дээр тоглодог дэлхийн томчууд нүдээ унагаад байгаа аж. Харин хяналт чангатай улсад бол орж чадахгүй. f-Premium архи Буриадад, Байгаль нуурын эрэгт үйлдвэрлэгдэж байгаа ч ОХУ-ын зах зээлд ороогүй нь нэгийг хэлнэ. Оросын зах зээл Монголынхоос хамаагүй том билээ. Төр нь хяналт чангатай, даруулга сайтай нь л ийм болгоод байгаа хэрэг юм болов уу. Тэрнээс биш архи уух талаараа бол бидний багш болох улс шүү дээ. За ингээд f Premium архиа бариад хэн нэг даргын өрөө рүү цувраад байх нь  дээ, монголчууд маань.           

 

Б.Хурцболд 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guiash(66.181.181.36) 2025 оны 03 сарын 13

estoi oo saihan

1  |  0
Top