Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын 15 дахь удаагийн зөвлөгөөн Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотод 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Азербайджан, Армени, Афганистан, Беларусь, Энэтхэг, Иран, Казахстан, Киргиз, БНХАУ, Монгол, Пакистан, ОХУ, Таджикстан, Узбекистан улсууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын удирдлага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн Гүйцэтгэх хорооны төлөөлөгчид оролцсон байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсуудын Ерөнхий прокуроруудын 15 дахь удаагийн зөвлөгөөнөөр "Мэдээлэл харилцаа холбооны технологи ашиглан үйлдэж байгаа бөгөөд үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг мөрдөн шалгах асуудал, Мэдээлэл-харилцаа холбооны технологи ашиглан үйлдэж буй гэмт хэргийн эсрэг явуулж байгаа ажиллагааны хүрээнд хууль тогтоомжуудыг нийцүүлэх, "Интернет” сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг хамруулан үйлдэж буй гэмт хэргийг эсрэг явуулах үйл ажиллагаа, Хэт даврах болон алан хядах террорист үйл ажиллагаа явуулах зорилгоор мэдээлэл-харилцаа холбооны технологи ашиглахын эсрэг явуулах үйл ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг болжээ.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцож "Бүс нутгийн хэмжээнд мэдээлэл харилцаа холбооны технологи ашиглан үйлдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавьсан байна.
Зөвлөгөөний хүрээнд ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын удирдлагууд гадаад түншүүдтэйгээ хоёр талын болон олон талт уулзалтуудыг Константиновын ордонд зохион байгуулжээ.
2001 онд БНХАУ, ОХУ, Казахстан, Таджикстан, Киргиз, Узбекистан улсуудын төрийн тэргүүнүүдийн санаачилгаар үүсэн байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болох олон улсын байгууллагын гол зорилт нь алан хядах, салан тусгаарлах болон хэт даврах ажиллагаа, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх, аюулгүй байдал болон тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, дулааны эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Тус зөвлөгөөнд Монгол Улсын прокурорын байгууллагаас Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор О.Алтангэрэл, Булган аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ж.Болорпүрэв нар оролцов.



Сэтгэгдэл ( 0 )