Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Энэ дундаас олны анхаарлыг хамгийн их татсан онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Хүүхдийн сурч боловсрох, хэвтэн эмчлүүлэх тасгийг агаар шүүгчээр хангана

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулав.
Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа. Мөн иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт /маск/ зүүж хэвших, маск зүүх аяныг өрнүүлж, зохион байгуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзэж байна. Энэ шийдвэр нь олон нийтэд ихэд таалагдсан бөгөөд хэрэгжилтийг хүлээж буйгаа иргэд илэрхийлсээр байна.
С.Зориг агсны хэргийн материалыг дэлгэнэ
"Ц.Нямдорж сайд С.Зориг агсны хэргийн хавтаст материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газраар шийдүүлнэ" хэмээн сайд болохдоо хэлж байсан. Тэгвэл түүний хэлсэнчлэн Засгийн газар энэ долоо хоногийн ээжилт бус хуралдаанаар С.Зориг агсны хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг хэлэлцэн дэмжсэн юм. Тодруулбал, С.Зоригийг хөнөөсөн гурван иргэнтэй холбоотой хавтаст хэргийн 14926 хуудас материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газар дэмжжээ.
Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа материалын хадгалалтын статусыг өөрчилж, УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэхээр болсон тухай Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц. Нямдорж мэдээлсэн юм.
Харин хэргийн захиалагчтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцад хэвээр үлдээх аж. Тиймээс захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, шалгалтыг үргэлжлүүлэхээр болжээ.
Монголбанкы ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хилийн хориг тавилаа

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд хилийн хориг тавьж, суллах шийдвэрийг өнгөрч буй долоо хоногт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж, саатуулсан юм.
Энэ үйл явдалтай холбоотойгоор Н.Золжаргалын үед бодлого, шийдвэрийг хамтдаа гаргалцаж ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Э.Батшугар нарыг буруутган, АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Гэхдээ Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Б.Жавхланг шалгах асуудлаар өөрт нь ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Шаардлага гарвал шалгуулахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм.
АСЕМ-тай холбоотой 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ![]()
Үндэсний аудитын газар АСЕМ-тай холбоотой асуудлаар эрсдлийн аудит хийх гэж байгаагаа зарлав. Эрсдэлийн аудитын дүн ирэх оны гуравдугаар сарын 20-нд эцэслэж гарах аж.
АСЕМ-д зориулж дараах эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулсан байна. Үүнд:
• Улсын төсвийн хөрөнгө
• Нийслэлийн төсвийн хөрөнгө
• Гадаадын хандив, тусламж
• Хөгжлийн банкны хөрөнгө
• Бусад эх үүсвэр багтаж байгаа ажээ.
АСЕМ-тай холбоотойгоор 2016 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайлбал, Гадаад харилцааны сайдын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой дараах зөрчлүүд илэрчээ.
• Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт ”АСЕМ”-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэгсэлийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалдсан, 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна.
• Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр ”Нью Терравокс” компанитай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай ”Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ” -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дууссанаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна.
• БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ээс 4787 ширхгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.
• ”АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг Гадаад харилцааны яамны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг тус яамны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна.
• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр Гадаад харилцааны яаманд ирүүлсэн чиглэлийн дагуу ”АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.
Импортоор авах малын тэжээлийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Энэ жил цаг уурын байдлаас үүдэн ургац алдсан тул тодорхой хэмжээний улаан буудай, малын тэжээл, өвсийг импортоор авахаар төлөвлөөд Засгийн газар асуудлыг хэлэлцэн, хэмжээг тогтоосон. Үүний дагуу үйлдвэрүүд чанартай гурилыг тогтвортой үнээр зах зээлд хангалттай нийлүүлэх үүрэг хүлээлгэж байгаа, бусдаар өрсөлдөөнийг хязгаарлах, давуу эрх олгох асуудал байхгүй. Монгол Улс жилд 1.2-1.4 сая тн өвс, тэжээл бэлтгэдэг байсан бол энэ жил 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлтгэсэн. Иймд дутагдалтай хэмжээний хүчит тэжээлийг импортоор авч, аймгуудын малын тоо, хүндрэлтэй байгаа нөхцөл байдлыг нь тодорхойлж байгаад улсын хэмжээнд түгээхээр бэлтгэл ажил хангаж байгаа. Малын тэжээл, өвсний үнийн тухайд бид тодорхой тоо хэлэх боломжгүй. Учир нь зах зээлийнхээ зарчмаар ОХУ-аас авсан үнэ, тээврийн зардал гээд олон зүйлээс шалтгаалан эцсийн үнэ тогтоно. Салбарын яам аль болох хямд үнээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа, өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдсанаар импортын малын тэжээл, өвс гааль, НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Эцэст нь малчдын хотонд хямд өвс, тэжээл хүргэх гэсэн зорилготой” хэмээн ярилаа.
С.Баяр
Эхсурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )