Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ. Энэ өдөрт зориулан Zindaa.mn сайт "Хөгжиж чаддагийг харуулсан “хөгжлийн бэрхшээлтэй иргэд” нийтлэлийг хүргэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг УИХ-д суудалтай болгоё гэсэн санал байна, хүмүүс ээ. Энэ санал бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өрөвдөж халагласандаа дэвшүүлж байгаа санаа огтхон ч биш. Нийгмийн шаардлага, бодит үнэнээс урган гарсан бүтээлч санал юм. Учирлаваас, өдгөө манай орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо хүн амын бүлгийн хэмжээнд хэдийнэ хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд, ахмад настан гэсэн дөрвөн бүлэг дээр нэмж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгай бүлэг болгон үзэх зайлшгүй шаардлага бий болжээ.
Бодит байдлыг харахаар өнөөдөр Монгол Улс 118 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй болчихож. Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд энэ бол бага тоо биш. Үнэндээ бид 100 мянган хүн амтай Хөвсгөл аймгийг хамгийн том аймаг гэдэг шүү дээ. Бодоод үз л дээ. Бидний хамгийн их хүн амтай гээд байгаа Хөвсгөл аймгийн хүн амаас хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо даруй 18 мянгаар олон байна. Юу хэлэх гээд байгааг минь ойлгосон уу.
Ойлгогдохоор хэлэхэд 100 мянган хүн амтай аймгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, нийгмийн асуудлыг нь шийдэх гэж УИХ-д хоёрын хоёр хүн сууж байна. Гэтэл 118 мянгад хүрээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн асуудал, эрх ашгийг нь хамгаалах ганц ч хүн манай парламентад алга. Салбарын сайд гэж зарим нь хэлж магадгүй. Гэвч яам бол нийт масст л нийгмийн халамжийн чиглэлээр хүрч ажилладаг. Түүнээс биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тууштай барьж аваад цогцоор нь шийдэж даанч амжихгүй. Тэгээд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс халамж хайр нэртэй хэдэн бор төгрөг хүртэхийг л хүсдэг горьдогсод биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангая гэвэл тэдний төлөө стратегийн алхам хийх ёстой гэдгийг ч албаныхан нэгэнтээ тодорхойлсон. Өнөөг хүртэл бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бодлогод нөлөөлдөггүй, эрүүл мэнд, эсвэл даатгалын байгууллага хариуцах ёстой юм шиг хавсарга байдлаар ойлгож, хүн амын цөөнх мэтээр хардаг байсан нь үнэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тав, арван төгрөгийн дэмжлэг үзүүлэх, хиймэл гар, хөл, таяг, тэргэнцэр өгөх байдлаар асуудлыг шийдэж байна гэж үзэж ирсэнтэй ч санал нийлэх байх. Харин энэ чиг хандлага, үзлийг өнөөдрөөс эхлээд таягдан хөөе. Тэгэхийн тулд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг иж бүрэн шийдэх гарцыг олох нь чухал. Энэ гарцыг хэн нэгэн сайхан сэтгэлтэн, хэн нэгэн улс төрч, хэн нэгэн гэгээнтэн хэзээ ч шийдэж өгөхгүйг баттай хэлчихье. Тэгвэл хэн хийх ёстой вэ гэж үү. Тиймээ, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд л хийж чадна. Хүн өөрөө, өөрийнхөө л төлөө бүхнийг хийж чаддаг шүү дээ. Тиймээс л 118 мянгад хүрчихээд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад хүн суулгамаар байгаа юм. Тэгж байж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, боловсруулж, тогтоож, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.
Өнгөцхөн харахад өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хууль журам баталж байгаа мэт дүр зураг парламентад хааяа нэг үзэгддэг ч үнэндээ үр дүнд хүрч байгаа нь үгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй биш болохоор тэр. Тэдгээр иргэнийг ойлгодог, мэдэрдэг юм шиг байвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь дотоод ертөнцийг даанч мэдэхгүй. Энэ бол бодит үнэн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад суулгах боломжийг хайж олцгооё. Болохгүй зүйл огтхон ч биш юм байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенци” гэж бодлогын сайхан баримт бичиг байна. Энэ конвенцид манай улс аль хэдийнэ нэгдэж, дагаж мөрдөх үүргийг нь хүлээн зөвшөөрчихсөн. Тус конвенцийн 29 дүгээр зүйлийг энд онцолъё. Улс төр нийгмийн амьдралд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэрийг сонгуульд дэвшүүлэх болон шаардлагатай тохиолдолд туслах, шинэ технологи ашиглах замаар албан тушаал хаших, төр засгийн байгууллагын аль ч түвшинд төрийн алба хаах эрхийг дэмжиж хамгаалахыг заажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бусадтай адил тэгш байх үндсэн дээр ямар нэг алагчлалгүйгээр төрийн удирдах хэрэгт бүрэн дүүрэн, үр нөлөөтэй оролцох орчин бүрдүүлэх явдлыг идэвхтэйгээр хөхиүлэн дэмжиж, тэдний нийгмийн хэрэгт оролцох оролцоог олон хэлбэрээр дэмжиж өгөхийг ч заасан байна. Энэхүү конвенцийн хэрэгжүүлэх Засгийн газрын 218 дугаар тогтоол гарч байсныг санаж байна. Энэ мэт баримт бичгийг үндэс болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлдэг, улмаар сонгогдож чадсан нь парламентийн гишүүн болдог хууль эрх зүйн тогтолцоог боловсруулах нэн шаардлагатайг энд сануулъя. Ингэж улс орны удирдах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулж байж тэдэнд зориулсан нийгмийн дэд бүтэц, стандартыг бий болгоно.
“Хөгжилтэй улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад хэний ч тусламжгүйгээр нийгмийн харилцаанд орох боломжтой байдаг. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж бүх боломжийг нээж өгсөн байдаг. Гэтэл манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гэрээсээ цухуйхад ч хэцүү байдалтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад зориулсан сурах орчин, нөхөн сэргээх зэрэг нийгмийн үйлчилгээг хангах ёстой. Жишээ нь, ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцъя гэхэд зориулалтын ширээ, сандал, бие засах газар, зорчих хэсэг байдаггүй. Тэгэхээр тэр хүүхэд тусгай сургуульд л явах болдог. Тэр хүүхэд өөртэйгөө адил хүүхдүүдийн дунд тусгай орчинд тусгай байдлаар сураад байвал яваандаа нийгмийг үзэн ядаж, ганцаардаж эхэлдэг. Ингээд л тэднийг энгийн иргэдийн дунд нийгэмшүүлэх асуудал алдагдаж байгаа юм.
Боловсрол гэлтгүй бүх салбарт тэдэнд зориулсан стандартыг бий болгох ёстой. Салбар бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан мэргэжилтэн байх учиртай” гэж уриа лоозонгийн маягаар ярих олон улс төрчийг сонсч байлаа. Гэвч тэд өнөөдрийг хүртэл тэр стандартаа, тэр дэд бүтцээ бий болгоогүй л сууж байна. Дээр хэлсэн. Энэ бүгдийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө л бий болгож чадна гэж. Тэднийг тахир дутуу, гар хөлгүй, сонсголгүй, хараагүй гэж бүү бас. Бүгдийг хийж чаддагаа бидэнд бэлхнээ харуулсан. Пара олимпийн аварга Ж.Лхагважавыг хар, бас уянгалаг сайхан хөгжмийн хөгөөрөө монгол орноо уярааж яваа МУГЖ А.Амаржаргалыг хар. Эрүүл саруул хүний хийж чадаагүйг тэд хийж чадсан. Хөгжиж чаддагийг харуулсан “хөгжлийн бэрхшээлтэй” өөр олон хүнийг энд дурдаж болох ч энэ хүрээд өндөрлөе. Төгсгөлд нь “Хүн зөвхөн гараараа л хоол хийж, хувцас угаадаг юм биш. Хөл, тохой, бугалга гээд хөдөлж болох бүх зүйлээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралаа босгодог” гэсэн мэргэн үгийг тэмдэглэе.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн иргэншилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигт нийцсэн нийгмийн хамгааллын төлөөлөл одоо үед нүдээ олсон шаардлаг тавьж байна хүний тусламж шаардсан нийгэмшүүлэх ажил ном элэгтрон хэрэгсэлт багажууд хүний хөгжлийн түвшинд тус нэмрээ өгөх юм одоо цаг ухаалаг санаачлагч нарт найдвар өгөөжөө биелүүлэх болсоон