Нийт 249 хүн ХДХВ-ын халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 01

Жил бүрийн энэ өдөр “ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарал хандуулах өдөр” тохиодог билээ. Дэлхий нийтээр ХДХВ-ийн халдвартай тэмцэхээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа юм. Харин манай орны хувьд улсын хэмжээнд алба ёсоор Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Энэ оны аравдугаар сард л гэхэд ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэн аж.

Харин энэ оны арван нэгдүгээр сарын 21-ний байдлаар, 2017 онд ХДХВ-ын халдвараас болж 5 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж. Халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна.

УИХ-ын дарга М.Энхболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр  “Өнөөдөр буюу жил бүрийн арван хоёрдугаар сарын 1 бол ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр билээ. Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсээр 20 гаруй жил болж байна. Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудал тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын, монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай. НҮБ-аас энэ өдрийг энэ жил “Бид сэргийлж чадна, харин Та, би сэргийлж чадна, харин Та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ДОХ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, төрийн бус байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.

Танин мэдэхүйн үүднээс ХДХВ-ийн халдвар ба ДОХ-ын ялгааг тайлбарлая.

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээдэг вирус. Харин ДОХ гэдэг нь ХДХВ-тэй хүнд дархлалын тогтолцоо нь гэмтэж суларснаас үүдэн илэрч буй хэд хэдэн өвчний цогц юм.

ХДХВ хүний биед нэвтрэн орсноор элдэв өвчний халдвараас хамгаалах, тэмцэх үүрэг бүхий бидний бие махбодын амин чухал хэсэг болох дархлалын тогтолцоог гэмтээж эхэлдэг. Энэ үйл явц аажмаар явагдсаар бие махбодыг аливаа өвчинг эсэргүүцэх чадваргүй болгож, дархлалын олдмол хомсдол/ДОХ/ үүсдэг ба тэр үед эрүүл хүнд ховор тохиолддог янз бүрийн өвчин, хавдрын шинж тэмдэг илэрдэг байна.

ХДХВ хэрхэн халдварладаг вэ?

ХДХВ дараах тохиолдолд халдварлах боломжтой. Үүнд:

  • Хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
  • Ариутгаагүй зүү, тариур дамжуулан хэрэглэг
  • Шивээс хийлгэх, чих цоолох зэрэг мэс ажилбарын үед ариутгаагүй багаж хэрэгсэл дамжуулан хэрэглэх
  • Сахлын хутга, шүдний сойз дамжуулан хэрэглэх
  • Халдвартай жирэмсэн эхээс урагт, төрөх үед, төрсний дараа нярайд эхийн сүүгээр халдварлана.

ХДХВ нь хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл болон эхийн сүүгээр дамжин халдварладаг бол хүний биеийн бусад шингэн болох шүлс, нус, нулимс, хөлс, өтгөнөөр халдварлахгүй.

ХДХВ хэрхэн халдварладаггүй вэ?

ХДХВ/ДОХ-ын талаар сайн мэддэггүйгээсээ, мөн энэ асуудлын талаар ихэнхдээ дэвэргэж ярьдгаас хүмүүст айдас төрдөг. Тэд ихэнхдээ ХДХВ-ийн халдварыг ердийн ахуйн замаар дамждаг гэж эмээдэг ч хэрэг дээрээ энэ нь ямар ч үндэслэлгүй учир ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-той хүнтэй хамт ажиллаж амьдрахад аюулгүй юм.

Тиймээс

  • Гар барих болон тэврэлдэхэд
  • Хөлс, нулимсаар
  • Найтааж ханиахад
  • Аяга таваг, ор дэр, жорлонгийн суултуур зэрэг ахуйн хэрэглэлээр
  • Биеийн тамир, спортоор хамт хичээллэхэд
  • Нийтийн тээврийн хэрэгслээр хамт зорчиход
  • Амьтан болон хорхой шавьжинд хатгуулахад
  • Үнсэлцэхэд халдварлахгүй

ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааны түүхэнд дээрх замуудаар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. ХДХВ/ДОХ-ын халдварлах замуудын талаар мэдлэгтэй байх нь тухайн хүн өөрөө халдвар авах эрсдэлтэй эсэхээ үнэлж цэгнэхэд чухал ач холбогдолтой юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батаа(103.57.94.137) 2025 оны 03 сарын 13

Буудалдаа ганц бэлгэвч тавьчихгүй байж тохиолдлын хавьтлыг бэлгэвчтэй хий ч гэх шиг.Цаад согтуу малнууд нь хэзээ биедээ бэлгэвчтэй явж байлаа даа

1  |  0
Top