Модернист Б.Галсансүх ”үхэж”, Мао-гийн хойд дүр Монголоос тодорно

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

 

Одоогоос арав гаруй жилийн тэртээ модернист яруу найрагч Баатарын Галсансүх “Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ...” гэж “Болор цом”-ын тайзан дээр “амалсан”. Энэ зөгнөл биелж, түүнийг амлалтандаа хүрэх үгүйг харах цаг ирж байх шиг. Алхам тутамдаа бид Хятад соёлын сурталчилгаатай нүүр тулж монгол хүн мөн эсэхтээ эргэлзэх байдалд ч хүрч мэдэхээр цаг үеийн шуурганд шавхуурдуулж эхэлж буйгаа мэдрэхгүй байна гэж үү. Үдэш бүр “Соён гэгээрүүлэгч” гэх телевизээр гарах, урд хөршийн соёлыг биширч, гайхширсан нэгэн нэвтрүүлэг суваг солих хооронд тархи “савандаад” авах боллоо. “Агуу их хятад орон” ч гэв үү сүржин нэртэй мөртөө шавар тагз, суурин иргэншлийг диваажин мэт магтсан өнгө аястай нэвтрүүлгийн зорилго чиглэл тодорхой.

 Хятад хүнийг сайн хүн, Хятад соёл бол дэлхийн хаана ч байхгүй гайхалтай соёлтой гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, биднийг Хятадад элэгтэй, найртай болгох л юм. Магадгүй уг нэвтүүлэг нь өөрт нь үрж дуусамгүй мөнгө хуримтлуулж, хүрэвч хөдөлшгүйгээр байр суурийг нь бэхжүүлж буйгаас төгсгөлгүй цуврал нэвтрүүлгээр бөмбөгдөж буй байх. Түүнгүй бол монгол хүн харийн соёлыг өөрийн орныхоос өндөрт тавиад зогсож байх шаардлагагүй сэн. Уг телевизээр эрдэмтэн мэргэд, бас ч гэж байр суурьтай зөв бодолтой, уншсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг энэ цагийн ухаантнууд ярьж суугаа харагддаг л даа. 

 Дандаа Хятадыг магтаад байдаг гэвэл өрөөсгөл юм. Харин “Аугаа их Хятад орон” цуврал тархи угаалт нь л алмайруулахад хүргээд байгаа юм. Хятад орныг хөндлөн гулд туулаад нүх сүв болгоноор нь ороод нэвтрүүлэг бэлдэж ирээд суурин иргэншлийн хээ хуараар нүүдэлчдийн нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгээд байгаагийн цаад учир юу юм бол? Арай биднийг адуу малаа бэлчээдэг тал хөндий, алсаас яарсаар  очиход аав ээж шиг минь угтдаг унаган төрлөх хөдөөдөө байшин бариад, хаяа туургаараа бүлтэрч гоожих гээд байгаа хятад иргэдээсээ хагасалж багтаагаад хамт амь зууцгаа гээд байгаа юм биш биз...

 Ер нь дээрх суваг ч гэлтгүй өөр олон сувгаар суурин соёлыг сурталчилсан ухуулаг маягийн нэвтрүүлэг, кино их гарч буй. Нэг орой ажлаас чинь ирэхэд, гэртээ үлдсэн ээж, эмээ нар чинь “энэ их хөөрхөн кино байна...” гээд л цоо  шинэхэн олон ангит цуврал үзэнгээ дэлгэцийг нь өөр рүү чинь чиглүүлж сууна уу? -Хятад кино байна. Монгол контент алга уу... гэхэд, -өө Солонгос кино юм бодоод л үзээд суугаа юм. Арав гаруй анги гарчихсан одоо үйл явдал нь сонирхолтой хэсэг дээрээ яваа юм.  Нэгэнт эхэлчихсэн хойно дуусгачихья, гээд гэрийн даамал чинь хэлэхэд дуртай дургүй дагаад үзнээ дээ. Хүүхдүүд чинь ч бас үзэж эхэлж байх жишээтэй. Хоёр гурав дахь өдрөөсөө оройтвол, “за кино юу болов...тэр нь яасан, энэ нь хаачсан...” гээд л санаж эхлээд, тэрнээс цааш кинондоо орж байгаа юм. 

 Хятадууд Солонгос кино руу эргэсэн толгойг чинь түүнтэй яг адилхан өөрийн киногоороо өөр рүүгээ эргүүлдээд л татчихсан байна шүү дээ. Зурагтныхаа сувгийг сольж суутал чинь "таньдаггүй солонгос" жүжигчин гараад ирэхээр нь л тэд үзээгүй Солонгос кино байна гээд анзааралгүй үзчихсэн гэсэн үг. Тэрнээс хятадын “нисдэг” энэ тэр кино нь байвал хөгшчүүд шимтээд байхгүй. “Заа...  тэгээд л худлаа нисээд эхэлцгээдэг юм” гээд л сувгаа сольчихдог биз дээ. Та биднийг соёлдоо уусгахын тулд үгүй мөн залхуугүй хөдөлмөрлөж байнаа даа. Мэргэжийн Засгийн газрын үед МҮОНТ-ээр Хятад-Монголын соёлыг сурталчлах ажлын хүрээнд гээд баахан хятад кино үзүүлж, хэдхэн сарын дотор МҮОНТ-ээр бид БНХАУ-ын суваг гэж ойлгох шахсан байсан биз дээ. Ер нь бидэнд Үндэснийхээ телевизээр цуврал кино биш юмаа гэхэд бахархал болгоод үзүүчихээр чамлахааргүй баян хуримтлал бий гэж санана. Ойрын жишээ гэхэд Ил хаадын түүхийг архивлан үлдээхийн төлөө бор зүрхээрээ зүтгэж ирсэн ТАСАМ-ын Ц.Санчир гэх бүсгүйн аян замын тэмдэглэл, түүхэн цуврал байна. Өмнө нь хэсэгхэн хугацаанд үзүүлээд орхисон санагдана.

 Бид үүх түүхийнхээ, мөр улбаа, өвөг дээдсийнхээ туулсан зам байгуулсан гавьяа, алдаа онооны баринтагийг өдөр бүр сурталчилан таниулж дахин дахин үзүүлж байхад юуны буруу гэж.  Харин түүний оронд хятадын эрх мэдэлтнүүдээс үнэ төлбөргүй гаргаж өгөхөөр /өөрсдөөс нь мөнгө авсан байж болох/ тохиролцон кинонуудыг нь аваад үлдчихсэн байлаа /байгаа/. Тав, арван жилийн төлөвлөгөө маягийн зүйл гаргачихсан киноныхоо орчуулга дуу оруулалтанд  ханцуй шамлаад орчихсон байсан даа. Үндэсний контентоо уландаа гишгэчихээд, өмнөд хөршийнхөө соёлын доволгоонд хүч биеэ өгөхөө  андгайлж амлачихсан улаан тугаа намируулж зогссон. Улсынхаа төв талбай дээр хятад хөгжим эгшиглүүлж, хятад бүжиг бүжиглүүлж, хятад соёлоор давалгаалсаныг юу гэж тайлбарлалаа даа байз. Хятадын соёлыг суртачилах аян маягаар ухуулсан байх шүү.  Таван жилийн дотор бидний тэн хагас нь Хятад соёлыг бүрэн танина. Арван жилийн дотор бараг бүгдээрээ мэдчихнэ арван таван жилийн дараа  Үндэсний сувгаараа Монгол кино үзэх тухай бодох ч үгүй биз. Тэгээд Баабар гуай шиг “Монголчууд чинь угсаа гарвалын хувьд хойд хятадын галбирт багтана...” гээд цэцэрхэж суух болно доо. Угсаа гарвалаа хүлээн зөвшөөрчихлөө гээд мань хятадууд хүзүүгээр тэврээд, угаасаа бид нэг үндэстэн гэж дэлхий нийтэд зарлана.  Дал наян жил гадуурхуулж ирсэн үндэсний соёлоо сэргээдгийн даваан дээр эргээд өмнөд хөршийнхөө соёлын довтолгоонд өртчихсөн, хятад хүний араар сундалдчихсан явж байна шүү дээ яг одоо. 

 Морин хуураа дээдлэх , айл болгон хоймортоо залах тухай бодлого, захирамж хаана явна. Уртын дууг өвлүүлэх, Нууц товчоогоо дээдлэх бодлого аль хүрээд замхарчихав. Хэзээнээс манайхан Аугаа их хятад орон гэж ярьж эхлэв, хэний бодлогоор бид их жанжины талбай, Эзэн богдынхоо хормой дээр хятад ший янгууны бүжиг дэглэх болов... Морин хуур хүнгэнэх ёстой хойморт бийбаа, шанз дон дон хийж, биелгээ, ёохор хатарч байх талбай улаан дэнлүүний гэрэл барин нахилзах нялуун бүжгийн хэмнэлд хэзээнээс ингэтлээ автав. Дунд сургуулийн сургалтаас оюун сэтгэлгээнд “би монгол хүн” гэх дархлааг суулгадаг Уран зохиолын хичээлийг шоовдорлосон. Аль нэг хичээлийн дайвар болоод явж байгаа гэх. Үндэсний уран зохиолгүй, дуу хуургүй ард түмэн аль хүртэл орших билээ дээ. Тун удахгүй бид өмнөд хөршийнхөө хүн бүрийн мэддэг сүлд дууг дуулан “Дорно зүгт нар мандлаа Хятадаас Моа Зедун төрлөө..". гээд ам амандаа гиншиж явах юм биш биз...

Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(178.84.142.32) 2025 оны 03 сарын 13

Galzuu teneg chadahguiee .

1  |  0
erdem(66.181.181.63) 2025 оны 03 сарын 13

GLOBALCHILALIIN AYSIIG HERHEN DAGAHUU SEDEVCH HURAL HIIJ UNDESNII SOYLOO HAMGAAL YANZ BURIIN GEMT HEREG GARCH NNA

1  |  0
Top