АТГ: Сумын Засаг даргын нөөц хөрөнгийн ихэнхийг цол авсан бөхийн мялаалгад зарцуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 28

 

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийжээ. Орон нутагт хийсэн шалгалтаар олон зөрчил илэрчээ.

Энэ оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд 21 аймаг, тэдгээрийн 98 сумын төрийн байгууллагуудад ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Түүнчлэн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Орон нутагт ажиллах явцад дараах нийтлэг асуудлууд гарч байна. Үүнд:

 Засаг даргын нөөц хөрөнгийг зохих журмын хэрэгжилтийг хангахгүй, үр ашиггүй зарцуулдаг. Шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулдаг. Жишээлбэл, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг баримтлан 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан.

Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчоор 2016 онд аймгийн Засаг даргад урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоход шаардагдах 8,101,374.00 төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргах захирамж гарган тухайн өдөртөө олгон шийдвэрлэсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг тус тус зарцуулсан байна.

Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалт ил, тод нээлттэй бус. Өөрийн аав ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгож зээл олгодог. Зээлийг тухайн сумын онцлогийг харгалзан үзэхгүй олгодог. Зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэнгүйдүүлсэн байна. Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Шалтгаан нь тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй гэх.

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /тухайн суманд байнга оршин суудаггүй/ сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан тохиолдлууд байгаа бөгөөд шийдвэр гаргахдаа мөн л хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэж, тайлбар гаргаагүй. Зээл нь өнөөг хүртэл төлөгдөөгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу аймаг, сумын Хурал хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоогдог байтал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид  шийдвэр гаргаж төлбөр хураамж тогтоосон зөрчлүүд орон нутагт түгээмэл гарч байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэж заасан байдаг. Жишээлбэл, Сүхбаатар Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад Тэргүүлэгчид урамшуулал олгох тогтоол гаргаж  шийдвэрлэсэн байна.

 Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор эрүүл мэндийн шинжилгээний үнэ тухай, тогтоолоор түрээсийн төлбөрийн жишиг үнэ, тогтоолоор шүлхий өвчин гарсантай холбогдуулан постоор өнгөрч буй авто машинаас авах хураамжийг тус тус тогтоосон байна.

 Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэнд амины орон сууцны болон аж ахуйн нэгж байгуулагад төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.

 Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХТ-дийн 2017 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Ойн тухай хуулиар аймаг, сумдын ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн Ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь баталсан.

 Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 53 дугаар тогтоолоор Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар аймаг,нийслэлийн ИТХ-д олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэн “Зүүн Чойр” хийдэд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон.

 Төрийн захиргааны албан тушаалтан, улс төрийн албан тушаалыг давхар хашдаг. Өөрөөр хэлбэл, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймаг дахь газрын дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасныг зөрчиж байна.

Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг 8 төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажиллаж байна. 

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байна.

Улс төрийн албан тушаалтнууд төрийн захиргааны албан тушаалд ажиллахыг эрх бүхий албан тушаалтнаас шаарддаг, албан тушаал өгөхгүй бол улс төржиж, намчирхах зэргээр тухайн албан тушаалтныг огцруулах асуудал ярьж, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулдаг хор уршиг дагуулж байна.

Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг, чөлөөлдөг. Уг асуудал нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гардаг. Мөн ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зохиомол ачаалал үүсгэдэг асуудал түгээмэл байна. Жишээлбэл, Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна.

2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээрТөрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96,964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76,237,881 төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27,931,796 төгрөг олгосон байна.

Хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон. Түүнчлэн авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй шийдвэрүүд гаргаж байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны тушаалуудаар нэр бүхий эмч нарт “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчлэх жор” бичих эрхийг олгож, заримынх нь эрхийг хассан байна. Энэхүү шийдвэртэй танилцахад хүчингүй болсон хуулийн зүйлийг үндэслэсэн, нийгмийн даатгалын байгууллагын хуулиар хэрэгжүүлэх чиг үүргийг үндэслэл болгосон нь иргэдэд чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон зохицуулалт болсон байна.

Мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар баталсан “Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэн урамшуулал олгох журам”-ыг хүчин төгөлдөр үйлчилж байхад Мэргэжлийн хяналтын газрын дарга нь хуулиар тусгайлан эрх олгоогүй байхад ижил төрлийн журмыг давхардуулан баталсан, журам батлахдаа хуульд байхгүй зүйл, хэсэг, заалтыг үндэслэл болгосон байна. Мөн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн үндэслэл болгосон заалтыг нягтлаагүй нь харагдаж байсан ба дээрх нөхцөл байдлууд нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсч болзошгүй нөхцөл байдлуудыг бий болгож байна.

Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид албан тушаалын байдлаа ашиглан хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд үндэслэсэн болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулах олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна.

  Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй. Ажлын хэсэг тухайн аж ахуйн нэгжүүд нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар нарийвчлан судлаж байна.

Дээрхээс гадна Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг албан тушаалд томилдог. Томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хянуулахгүй томилдог. Хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргадаггүй тохиолдол аймаг бүрт байна. Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд төрийн албаны шалгалт өгөөгүй, дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн болон ажлын байрны шаардлагатай албан тушаалд уг шаардлага хангаагүй хүнийг томилон ажиллуулж байсан.

Түүнчлэн эхнэр, нөхөр, төрсөн дүү, хүргэн бэр гэх мэт өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргадаггүй. Жишээлбэл, сумын төсөв, мөнгөний дийлэнх хувь нь дотуур байрны хүнс, сургуулийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Ховд аймагт сумын Засаг даргаар нөхөр нь сургуулийн захирлаар эхнэр нь ажиллаж байгаа тохиолдолд байна. Сумын төсвөөс тодорхой мөнгөн хөрөнгийг сургуулийн захиралд шилжүүлж, захиран зарцуулах эрх олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа талаар хуульд заасны дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй, энэ талаар ямар ч ойлголтгүй байна.

Мөн Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан.

Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян улаан, Арвайхээр зэрэг сумдад Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг өөрсдөө дур мэдэн тайлбарласан журмыг давхардуулан гаргасан. Өөрөөр хэлбэл журмын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэсэн заалтыг шагнал урамшуулал олгох, зочид төлөөлөгчдийн зочид буудал, хоолны зардал гаргаж болохоор журамласан байна.

  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэснийг зөрчин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд тусгай зөвшөөрөл шаардахгүй аж ахуйн үйл ажиллагаанд Засаг даргын орлогч ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй зөвшөөрөл олгож байсан.

 Дорнод аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нэр бүхий 2 албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн дагуу цалингийн шатлал 6 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба 2016 оны 12 дугаар сард дээрхи 2 албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгосон байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан бөгөөд тухайн байгууллагуудын дотоод журамд сахилгын шиийтгэлтэй ажилчин, албан хаагчдад тухайн жилд урамшуулал олгохгүй байхаар тусгасан байсан. Өөрөөр хэлбэл хариуцлага алдсан албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулж цалинг хасаж, бууруулсан боловч урамшуулал, шагнал хэлбэрээр буцаан олгож, хэлбэрийн төдий хариуцлага тооцож байна.

 Худалдан авалтыг зохион байгуулахдаа төсөвт өртгийг нэмэгдүүлж төсвийн үр ашигтай байх зармыг алдагдуулдаг, гэрээт ажлыг хүлээн аваагүй байж санхүүжилт бүрэн олгосны улмаас үлдэгдэл ажлаа хийлгэж чаддаггүй. Жишээлбэл, Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байв.

Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна.

Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж 2 ХХК саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргасан. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулсан.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.

Завхан аймагт сумын Засаг даргын төрсөн дүү сумын төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад оруулах, халаалтаар хангах ажлын тендерийг авч, ажлыг гүйцэтгэсэн. Хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахдаа хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар тайлбар гаргаагүй байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

Гар хөлиин үсгээ зурсан дарваануудаар мөнгииг нь гаргуулах хэрэгтэй .ер нь бахчүүд дуучид улсад ХАОТатвар төлдөг эсэхииг шалгах шаардлагатай. Өөр захиран зарцуулах ажил байдаггүй юм байхдаа махан толгойнууд

1  |  0
Сараа(66.181.178.77) 2025 оны 03 сарын 13

Өөр зарцуулах зүйл алга уу.

1  |  0
Lkhagva-ochir(202.9.44.66) 2025 оны 03 сарын 13

Tegeed bugdiig ni ajilaas ni halj yal shiitgel ogson yum uu arga hemjee avaagui bol shalgasan humuus ni oorsdoo ?????

1  |  0
Top