Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжиж болдог, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэнээс ч дутахгүй өөрсдийнхөө амьдралыг аваад явчихаж чадна, гагцхүү тэднийг ойлгож, тэдэнд боломж олгох нь чухал юм. Хувь хүн, албан байгууллагаас эхлээд төр засгийн хэмжээнд тэдний төлөө чин сэтгэлээ өчүүхэн л зорилбал тэр дэмэнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө аваад явах бүрэн боломжтой.
Тиймээ энэ л зорилгын дор нэгдсэн залуус “LEAD Talks” төслийг хэрэгжүүлж, анхныхаа арга хэмжээг зохион байгуулахад бэлэн болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэсэн "Хандлагыг өөрчилье Хамтдаа хөгжье" LEAD Talks төслийн арга хэмжээ маргааш буюу 2017 оны 11-р сарын 28-ны 14 цагт HolidayInn зочид буудалд болох юм байна.
Энэхүү арга хэмжээ нь 12 дугаар сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтан болж буйгаараа цаг үеэ олжээ.
LEADTalks төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл болон ажил олгогчдыг холбох, хүртээмжтэй ажлын байрыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдээлэл түгээж, эерэг хандлагыг төрүүлэх зорилготой нөлөөллийн төсөл гэдгээрээ маш онцлогтой.
Уг төсөл нь. 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хэрэгжих гэнэ. Энэ хугацаанд LEAD Talks арга хэмжээ /event/ мөн LEAD Talks видео бүтээгдэхүүн гаргах юм байна. Харин ажил олгогчид, холбогдох төрийн албаны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэдний асран хамгаалагчид болон ажил хайж буй залуус зэрэг 300 гаруй оролцогчдыг хамруулсан томоохон арга хэмжээ нь маргааш болох LEAD Talks арга хэмжээ /event/ юм.
Энэ арга хэмжээн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжилтын түүхүүдийн эзэд ирж өөрсдийн илтгэлээ толилуулах юм байна.
Харин LEAD expo арга хэмжээн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэгдэх ажээ.
Дараагийн чухал нэг үйл ажиллагаа бол “LEAD job fair” юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн гишүүдэд зориулсан ажлын байрны мэдээллийг ажил олгогчид энэ үкеэр танилцуулах юм.
LEAD Talks арга хэмжээний үеэр амжилт, ялалтын түүхээ хуваалцах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн илтгэл, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурах эрх, нийгэмд оролцож, ажил хөдөлмөр эрхлэхэд хүртээмжтэй орчин ямар чухал болохыг өгүүлсэн илтгэгч нарын илтгэлийг видео бүтээгдэхүүн болгон бэлтгэж 12-р сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрөөс эхлэн улс орон даяар телевизүүдээр нэвтрүүлэх юм.
LEAD Talks видео илтгэлийг телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв ойлголтыг илүү олон хүнд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, тэгш нийгмийг бүтээхэд хүн бүрийн оролцоо, бага гэхгүй хичээл зүтгэл, санаачлага чухал болохыг харуулах юм.
LEAD Talks арга хэмжээ хүн бүхэнд нээлттэй ба энэхүү арга хэмжээнд оролцож, мэдээлэл авахыг хүсвэл LEADTalks2017@gmail.com хаягаар эсвэл 9516-7159, 8811-8481 холбогдох боломжтой юм байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )