Үндэсний аудитын газраас 2017 оныг “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан зөвлөмжийн биелэлтийг шалгах аян өрнүүлжээ. Төсөв захирагчдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой тус аяны үр дүнг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар бүх салбарын сайд нарт танилцуулах үйл ажиллагаа эхэллээ.
Ажлын баг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, түүний эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын удирдлагуудад аудитын дүнг танилцуулан зөвлөмж өгчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитад 30 байгууллага хамрагдахад 25 байгууллага “Зөрчилгүй”, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж хязгаарлалттай дүгнэлт, Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар сөрөг дүгнэлт авчээ.
2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар 1 их наяд 105.4 тэрбум төгрөгийн зөвлөмж өгөгдсөнөөс 56.8 хувь буюу 628.2 тэрбум төгрөгийн зөвлөмжийг биелүүлсэн буюу биелэгдэх шатандаа, 43.2 хувь буюу 477.2 тэрбум төгрөгийн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )