”Чингис хаан” одонгийн эзнээр Н.Түвшинбаяр тодорлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмийн нэрийг зарлах хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Энэ 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмээр олимпийн аваргын алт, мөнгө медальт жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаярыг нэрлэлээ.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг Монгол Улсын анхны олимпын аварга, олимпын анхны хос медальтан, жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна" гэсэн юм. 

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  нийт 10 хүнийг шагнасан бөгөөд 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарыг шагнаж 2007, 2008 онд тасарчээ.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,

2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж,

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди,

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном,

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай,

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Найдангийн Түвшинбаяр нь Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон Чингис хаан” одон хүртсэн 11 дэх хүн болж байна.

Найдангийн Түвшинбаяр товч намтар

Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн.

1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн.

 2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр, 2012-2014 онд Боловсролын их сургуулийг Боловсрол судлаач мэргэжлээр төгссөн.

2006 оноос Монгол Улсын Жудогийн үндэсний шигшээ багийн тамирчнаар ажиллаж байна.

Сонгуульт ажил:

-2009-2013 онд Олон улсын жудо бөхийн холбоонд Олон улсын жудо бөхийн тамирчдын зөвлөлийн жинхэнэ гишүүн

2015 онд Гадаад харилцааны яамны урилгаар Монгол Улсын Соёлын элч

2010 оноос одоог хүртэл Хүмүүнлэгийн Түвшин санг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

Монгол Улсын Хөдөлмөрйн баатар, гавьяат тамирчин, Сүхбаатарын одонт, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ний хүрэл медальт, Үндэсний бөхийн Монгол Улсын заан

Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

Олимпийн аваргын алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаярын гаргасан амжилтууд:

2006 - Дэлхийн Оюутны аваргын хүрэл
2007 - Парисын дэлхийн цомын хүрэл
2007 - Гамбургийн дэлхийн цомын хүрэл
2007 - Ази тивийн аваргын мөнгө
2007- Чиндаогийн нээлттэй тэмцээний хүрэл
2008 - Парисын дэлхийн цомын мөнгө
2008 - Ази тивийн аваргын хүрэл
2008 - Бээжин-2008 олимпийн алт
2010 - Чингис хаан дэлхийн цомын алт
2011 - Будапештийн дэлхийн цомын алт
2011 - Жежүгийн дэлхийн цомын алт
2011 - Парисын Их дуулгын мөнгө
2011 - Абу Дабигийн гран пригийн хүрэл
2011 - Ази тивийн аваргын хүрэл
2012 - Парисын Их дуулгын алт
2012 - Лондон-2012 олимпийн мөнгө
2013 - Токиогийн Их дуулгын хүрэл
2013 - Жежүгийн Гран пригийн алт
2014 - Дюсселдорфын Гран пригийн хүрэл
2014 - Жежүгийн Гран пригийн мөнгө
2014 - Инчеоны Азийн наадмын алт
2015 - Чиндаогийн Гран пригийн алт
2016 - Ази тивийн аваргын алт
2017 - Дэлхийн аваргын хүрэл

Бөхийн төрлүүдээр Монгол Улсын олон удаагийн аварга болж байв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2025 оны 03 сарын 13

Gonchigdorj yasan gej ene odong avsan xun ve ?tailba4 aviya

1  |  0
Bold(213.114.158.251) 2025 оны 03 сарын 13

Balai amitan ambantnii tsagaan jigmed

1  |  0
Oyun(202.9.41.79) 2025 оны 03 сарын 13

Bayr hurge Uls turchidiig bodvol undur gavyatai hun

1  |  0
Top